Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зочлохуй:
Зочныг угтах, дайлах, үдэх нарийн дэг журам бий. Зочноо гэрийн гадаа угтан тосож, нохой хорь, мэнд мэдэж гэртээ оруулдаг. Хөдөө нутагт  зочин хүн айлын ойролцоо ирээд тэр айл нохойтой ч бай, нохойгүй ч бай ”нохой хорь” гэж ирснээ мэдэгддэг. Ирсэн зочин шууд айлд яваад ордоггүй, урьдаар хоолой засах, хаиах зэргээр чимээ, дохио өгч байгаад ордог.
Айлын үүд хаалгыг тогших гэрт хүн буй эсэхийг тотгоор шагайн харах зэргийг цээрлэдэг. Айлд ирж байгаа зочны өмнөөс хоосон сав суулга авч гарах, үнс хог гаргах, ус цацахыг цээрлэдэг.
Айлд ирж байгаа зочин нь ахмад настай хүн бол гэрээс зайдуухан тосон мориноос нь түшин буулган, морийг нь хөтлөн уяан дээр авчирч уядаг. Тэгэхдээ дээл малгайгаа өмсөж үс гэзгээ янзлан төлөв түвшин байна. Өнөө үед машинаас нь түшин буулгах хаалгыг нь онгойлгож өгөх нь нэн адил хүндэтгэл юм.
Зочин, айлын хүндэтгэл юм нохойн идүүр, уурга, шилбүүр мэтийн зүйлс, байвал замаас зайлуулж холтгох буюу тойрч гардаг. Хэрэв энэ ёсыг гүйцэтгэхгүй бол гэрийн эзний хийморь, цог золбоо, мал сүргийн буян хишгийг хүндэтгэж үзээгүй ёс бус асуудал гэж үздэг.
Хэрэв айлын үүдэнд улаан юм уясан буюу дээс татсан, шилмүүс мод хатгасан байвал хөл хориотой гэдгийг мэдэж ордоггүй.
Дараа нь гэрийн эзэгтэй цай барьж тавгийн идээ тавина. Цайг аягалахдаа дүүрэн ч биш, дундуур ч биш хийж нар зөв эргэж байхаар аягална. Цай авч байгаа зочин, барьж байгаа хүн хоёрын нүдний харц, гарын хөдөлгөөн, намба төрх цөм л ёсорхуу байх учиртай.
Зочин аягаа зөв бариад аяганыхаа ёроолыг солгой гараараа алган дээрээ тавиад солгой гарынхаа таван хуруугаар түшнэ. Мөн баруун гарын хуруунд алгаар түшиг хийнэ. Эзэгтэй таваг тавихад хоёр гараар авна.
Тавгийг ширээн дээр тавих үед зочин хоёр гарын алгыг дээш нь харуулж, хоёр дунд хурууны үзүүрээр тавагт хүрч айлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг.
Баруун гараараа идээнээс бяцхан амсана. Цагаан идээ байвал өрөмнөөс эхэлж амсах бөгөөд бүтэн өрөм тавьсан нөхцөлд өрөмний хормой хэсгээс эхлэн авч амсах ёстой. Ямарч нөхцөлд айлын тавгыг хоослон ихээр идэх нь зохимжгүй бөгөөд “Ямар шинж муутай хүн бэ?” гэсэн эвгүй сэтгэгдэл айлын хүнд төрүүлдэг. Айлын хүн зочны аяганд хийж өгөх аваад идээрэй гэсэн бол ихээр авч идэж болдог.
Цайгаа уугаад аягандаа шавхруу үлдээдэггүй. Хоол баривал хоолон дундаа халбага, сэрээг хатгаж өгдөггүй. Хоол бариад дараа нь хутга сэрээгээ ишээр нь өгнө. Махан хоолыг бол шүдээр зулгаан энд тэндээс нь сэгчилж идэхийг цээрлэдэг. Мөн махны мөч бүрийг зөв огтлож иддэг их ёсыг мэдэх ёстой.
Зочноо үдэхдээ гэрийн хүмүүс зочноос урьтан босож, түрүүлж гараад үүдээ нээж өгнө. Зочин ч юм хум дайрч, хормой хотоо хүргэчих вий гэж болгоомжлон, яаралгүй аятайхан гарч үүдийг зөөлөн хаана. Гэрээс гарахдаа  заавал зуух галыг нь нар зөв тойрч гардаг ёс зарим газар байдаг.
Зочныг гэрийн үүднээс, уяан дээрээс ба малын хотоос үдэх ёс бий. Хүндэт зочин, өндөр настан, холын гийчин, элгэн садныг заавал ч үгүй уяан дээрээ очиж үддэг.
Өндөр настанг үдэхдээ дүүмэд нь морь, тэмээгий нь тайлж аваад эмээлийг нь засаж, олом жирмийг нь чангалж унааг нь барьж байгаад сугадаж мордуулдаг. Сайн яваарай, дахин ирээрэй хэмээн билэг ерөөлтэй сайхан үг хэлж баруун гараа дээш өргөх буюу эсвэл дахин уулзаж учрахыг билэгдэн хоёр гарынхаа алгыг өөд нь болгоод бие рүүгээ харуулан үддэг ёстой.  Машин унаатай зочидод нэн ижил дээрхи ёс хүндэтгэлийг үзүүлнэ.
Гарын алгыг явж байгаа хүн рүү харуулбал зочноо хөөсөн мэт ёс бус үдэлт болно. Зочин-сайн сууж байгаарай гэж хариу хүндэтгэл хэлдэг. Үр хүүхэд нь алс газар явбал аав ээж нь үдэхдээ баруун хацрыг нь үнсдэг, аян замыг мялааж дөрөөнд нь сүү тусааж явахад нь сүүгээр цацал өргөдөг. Энэ бүхэн нь алтан шар зам нь өлзийтэй явсан зорисон бүхэн бүтэмжтэй байхыг ерөөсөн хүндэтгэл юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats