Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Төрийн хар хайрцаг”-ны бодлого
“Төрийн хар хайрцаг”-ны бодлого гэдэг нь нийтэд задруулбал үндэсний язгуур эрх ашигт  хохирол учруулж болох гүнзгий эрэгцүүлэл, бодомж, мэдээ баримтаа нууцлан төрийн маш онц чухал нууцын зэрэглэлд хамааруулан чандлан хадгалж, хаан төрийн тэргүүн халагдсан ч үе дамжуулан уламжилж байдаг хэлбэрийн хувьд явцуу атлаа агуулгаараа гүнзгий цартай, улстөрийн үйл ажиллагаа байсан, байсаар ч байна.
Энэ бодлого нууцлагдаж байдаг учраас жирийн олон тэр ч байтугай өндөр албан тушаалтан түшмэд нарын айдас найдварын аль алийг нь төрүүлж байдаг гэж болно. Энэхүү айдас жихүүцэл ёс бусын утгаар нь “Төрийн хар хайрцаг”-ны бодлого, найдвар итгэл төрүүлсэн шинжээр нь төрийн бодлогын гүн ухаан байсан гэж болно. Манж Чин улст олон жил дарлагдаж байсан ч Монгол төр өөрийн хар хайрцагны бодлогынхоо нууцыг алдаагүй явсаар 1911 оны Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол Монгол Улсын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн нь Их монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны төрийн дараа орох түүхэн ач холбогдолтой гэж болно.
Энэ үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр YIII Богд Жибзундамбыг хаан ширээнд өргөмжилж, Монгол туурга тусгаар улс болсноор илэрч, монголчуудын итгэл зүйн илэрхийлэл болсон юм.
Мөн өдөр Монгол Улсын Цолыг Монгол, оны нэрийг олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх бичигдэж эхэлсэн билээ. Манж Чин улсын дарлалд 220 гаруй жил байсан монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт ололт байсан бөгөөд 1911 оны монголын үндэсний хувьсгалыг санаачлан зохион байгуулж удирдсан хүн бол YIII Богд Жибзундамба хутагт бээр мөн. Энэ талаар 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Я.Шишмарёв бичихдээ “Хэрэв монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр нөлөөг тодорхойлсон бол, Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербург-д илгээсэн 1912 оны мэдээндээ “хэзээ нэгэн цагт монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч YIII Богд гэгээний зоригтой шийдвэртэй, санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно” гээд цааш нь өгүүлэхдээ “монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй хутагт мөн” гэжээ. “Түүхнээ энэ цаг үед хутагт ард түмнийхээ хүсэл зоригийг соргогоор мэдэрч, хятадаас холбоогоо таслахаар шийдэж, монголын хувьд хэзээ нэгэн цагт байсан шиг нь хүчирхэгээр хамгийн дээд өндөрлөгтөө зогсож, их орос улсаас тусламж эрсэн” юм гэсэн байдаг. Төрийн зүтгэлтэн удирдагч хүн улс эх орны төлөө юу хийж чаддагийг YIII Богд Жибзундамба тэргүүнтэн түр засгийн газрын Зөвлөх ван Ханддорж, Монгол Улсын анхны ерөнхий сайд асан сайн ноён хан Намнандорж, гүн Намсрай, гүн Чагдаржав, бэйс Гомбосүрэн, да лам Цэрэнчимэд нар бодитой үзүүлсэн нь төрийн хар хүн төрийн хар хайрцагны бодлогыг хир ухаалгаар, алсын хараатай явуулж, төрийнхөө төлөө шударга тэмцдэг, эх орончид болохоо харуулснаар тэд улс үндэстний төдийгүй, ази европын улсын хэмжээнд төрийн зүтгэлтэн гэдгээ харуулсан гавьяатай хүмүүс юм.
Монгол зон олон оюун сэтгэхүйн дээдийн дээд бүтээл шүтээн болсон төрөө хүндэтгэх үзэл нь үндэсний зан заншилтай холбогдсоноороо улсын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, ард түмнийхээ ахуй амьдарлыг дээшлүүлэх бодит хүчин зүйл, нэгэн үзэл болж тогтсон гэлтэй. Энэ үзлийн бодит биелэл нь эзэн Чингис хаан, түүний алтан ургийн үед хүчтэй хөгжиж, эзэн хаанаа хүндэтгэн дээдлэхийн үлгэр дуурайллыг үзүүлж, олон овог аймаг нэгдэн “Их Монгол улс” гэсэн нэгэн хүчирхэг гүрнийг Монгол нутагт төдийгүй дэлхийд төр, эзнийх нь нэрийг алдаршуулсан билээ. Энэ үеэс улбаатай төрийн түшээд, төрийн хар хүнийг хүндэтгэн, түүний зарлиг /лүндэн/ биелүүлэх ёстойд итгэн биширч зүтгэсэн нь төрөө хүндэтгэх нэг үзлийг буй болгожээ. Төрөө хүндэтгэх ёс, үзэлд юуны өмнө дараах хэдэн хүчин зүйл нөлөөлж өөрөө өөртөө аугаа их нэр хүндийг буй болгосон байна. Үүнд: төрийн олон зуун жилийн уламжлал, Монгол түмний эх оронч, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцлийн үзэл санаа, ард олны зан заншил, Буддын шашны номлол, коммунист үзэл сургаал, ардчилсан шинэчлэлт …гэх мэт субьектив хүчнээс төрөө хүндэтгэх ёс жудгийг улам хурцлах объектив хүчин болсон байна.
Аливаа үзэл, ёс, итгэл зүй, нийгмийн зүгээс ямагт эсэргүүцэлтэй тулгардаг бол төрөө хүндэтгэх үзэл ард түмний сэтгэлийн итгэл зүй дээрхи олон үзлийн үед ямарч эсэргүүцэлтэй тулгараагүй нь төрөө хүндэтгэх ёс жудаг үзэл нь Монгол түмний сонирхол, үзэл бодолд бүрнээ нийцсэнийг илэрхийлээд зогсохгүй харь орны ноёд манай орны тусгаар байдлыг эвдэхэд хүртэл энэ ёс хүндэтгэлийг ашиглаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.  
Төрөө дээдлэн хүндэтгэх, төр нэр хүндтэй байх гэсэн хоёр ойлголтыг төрийн хар хүн үүрч явдаг. Төрийн хүний зан авир, ёс зүйн мэдлэг, хүнлэг чанд байдал, төрийнхөө төлөө гэсэн чин шударга тэмцэл зэргээр нь ард түмэн тэднийг  үнэлж,  шударгыг нь төрийн жинхэнэ хар хүн хэмээн хүндэтгэдэг байсан.
Эзэн Чингис хааны биеэ засан тохинуулах нь түүний бага насны төдийгүй насан туршийн хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн зарчим байсан бөгөөд тэрээр Бумбын ёсны гүн ухаантан Чан Чуньтай уулзсан нь өрх гэр, төр улсаа тохинуулахтай салшгүй хэрэгцээ, түүнийг хэрэгжүүлэх амаргүй зорилготой холбоотой байсан. Тэрээр энэ талаар “Биеийг засах ёс төлөв, найрамдахыг эрхэм болгомой, Хэтэрхий  хилэгнэвээс бие гэмтмой, Хэтэрхий баярлаваас сүлд барагдмой, хэтэрхий бодлогоширвоос хий хорогдмой, Энэ гурав болвоос ёсонд маш хортой тул цээрлэвээс зохимой” хэмээн “Хаан хүн жаргал цэнгэлээр хөөцөлдөх нь мөнх тэнгэрт ивээгдэхгүй бөгөөд аливаа улсын төр мөхөхийн гол шалтгаан болно. Энэ бол хаан хүний эрдэм чадал бус Алтан хааны төр доройтсоны үр юм.” гэсэн нь өнөөгийн төрийн түшээдийн ёс зүйг тодорхойлсон, тэдний дагаж мөрдвөл зохистой хууль гэж болно.
Чингис хааныг их сууринд суухад Өгэлүн эх “Хаан хөвгүүн чи хамаг бүгдийг хөвгүүн мэт асар, Эзэн хөвгүүн чи нийт бүгдийг төрсөн мэт өршөө…” гэж хэлсэн нь төрийн хар хүн ямар нигүүлсэнгүй, түмэн олны төлөө хандах ёс зүйг маш товч тодорхойлсон байдаг бол “Өлбөрч үхнэ гэдэг өчүүхэн хэрэг, үүрэг хариуцлагаа умартана гэдэг маш том хэрэг” гэж төрийн хар хүний үүрэг хариуцлагын талаар хэлсэн үг ч бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats