Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өнөөгийн төр, хар хүмүүнийн байдал ямар байгааг дүрсэлвэл:
Өнөөгийн төр, хар хүмүүнийн байдал ямар байгааг дүрсэлвэл: Хүний амьдрах хугацааны ганцхан агшин, бие цогцос цаг зуурын, сэтгэл санаа мөнхийн холбиромтгой, нэр төр нь хуурамч, одоо л албан тушаалаа ашиглаж авъя гэсэн шинжтэй харагддаг. Суут гүн ухаантан Платон “Жинхэнэ гүн ухаантан төрийн суудалд суугаагүй цагт, эс бөгөөс төрийн эрх баригчид жинхэнэ гүн ухаантнууд болоогүй цагт хүний нийгэм хивэгч бузар булайгаас ангижирахгүй” гэсэн байдаг. Мэргэн ухаанаас зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийвэл зохих бүхнийг хийх гэсэн чанар илэрдэг учраас төрд хээгүй, буюу төрийнхөө ёсыг мэддэггүй, хүндэтгэдэггүй хүн ямагт ард түмэндээ гологдож, төрийн хүндтэй суудлыг бохирдуулж байдаг. Иймд “наснаас ёс ах” хэмээн цэцэн ард түмэн хэлж заншжээ.
Ци гүрний хаан төрийг удирдах талаар асуусан хариултанд Күнз “Хаан хүн хаан ёсоор, түшмэл хүн түшмэдийн ёсоор, эцэг хүн эцгийн ёсоор, хүү хүүгээрээ л байвал зохино” гэж хариулсан.
Төрийн хар хүн буюу төрийн түшээ хэмээх ойлголт өнө эртний үг бөгөөд төрийн ёсны ариун байдлыг эрхэмлэхтэй холбогдож гарсан утга агуулгатай юм. “Хар” гэдэг үгний утгыг толь бичигт хамгийн цэвэр шударга буюу өнгө, чанар үл хувисах гэсэн санаагаар тайлбарласан. Төрийн ёс түүний ажлыг гардан хэрэгжүүлэгчдийн ариун чанар, үзэл сэтгэл охор бодол туйлбаргүй занд бохирдож, улмаар нийгмийн хөгжилд саад тотгор учруулдаг. Мөн төрийн ёсны дайсан бол үзэл суртал байсан бөгөөд тэд төрийн ариун байдлыг ямагт өөрийн эрх ашигт нийцүүлэн засамжлан орчноо бохирдуулж, ард түмний дургүйцлийг хүргэдэг. Төрийн хар хүн үзэл сурталд автагдан мунхардаггүй, өмч хөрөнгөнд шунан авилга, шан горьддоггүй, хувиа хичээн амиа хонхойлдоггүй, төр тэнгэрлэг хийморьтой үндэстэнээ хүндэтгэдэг, өөртөө гүн итгэл үнэмшилтэй байх ёс зүйг эрхэмлэх ёстой. Энэ чанараараа төрийн ёсны ариун байдлыг эрхэмлэн хүндэтгэж, алдагдан хиртэхээс сэрэмжлэн додомдож байх үүрэгтэй сахуул энэ үүргээ хэрхэн биелүүлж чадна тэр л хэмжээгээрээ олон түмнээс хүндэтгэл хүлээдэг. “Төрийн хар хүн” хэмээх энэ ойлголтонд Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд төрийн үйлчилгээ хүртэлх төрийн бүх тушаалтанг хамруулсан өргөн ойлголт юм. Тиймээс төрийн бүх шатны байгууллага тэнд ажиллагсдын анхаарлын төвд төрөө хүндэтгэх асуудал байх ёстой.
Нэн эртнээс Улаан залаат Монгол хүн амьсгаандаа багтаан “Төрийн сүлд минь өршөө” хэмээн залбирч тотгондоо нэг бөхийн, төрдөө хүндэтгэж ирсэн түүхтэй. Мөн Монголчууд хууль цааз төрийн алтан тулга хэмээн хүндэтгэн “Хааны зарлиг хамаатай, эзний зарлиг ээлтэй” гэж үзэж ирсэн голч холч амин шүтээн хүндэтгэлтэй билээ.
Төрөө хүндэтгэх ёсны далд итгэл зүй нь төрийн хүч чадлын ариун байдлыг буй болгож, нийгмийн уур амьсгалыг төлөвшүүлэх эрчим хүчийг хуралдуулж байдаг учраас үе үеийн Монгол төрийн захиалга болж хэрэгжин уламжлагдаж иржээ.
“Ариун төрийн минь сүлд өршөө, төр минь амгалан байх болтугай” хэмээн залбирдаг сэтгэлгээний эцсийн үр дүн төрийнхөө ёсыг, төрөө хүндэтгэж байгаа гүн утга агуулгыг илэрхийлээд зогсохгүй төрийн хар хүн бүр цэвэр ариун ёс зүйтэй, хийморлог байхыг хийчээгээрэй гэсэн ойлголтыг илэрхийлсэн хэрэг юм. Ердийн ухамсарын түвшинд бараг ажиглагдаж ойлгогдохооргүй тийм нарийн ёс хүндэтгэл, ариун байдлын далд утгыг ухааруулан ойлгох хэмжээнд гаргаж тавих нь түмэн олон төрөө ойлгож, түүнийг хүндэтгэх ажлын агуулгыг өндөржүүлэх болно. Төрийн ариун байдал хүндэтгэлийн учир утгыг дараах чиглэлээр хэрэгжүүлж ирсэн байдаг. Үүнд:
1-рт Байгальд орших эсвэл хүний сэтгэлгээгээр бүтээгдсэн бодит шинжтэй зүйлийг ашиглан төрийн хүндэтгэлийг тогтоосон уламжлалт чанар, түүнийг даган мөрдөх хэм хэмжээг хуульчлан тогтоож ёсчлон биелүүлж ирсэн.
2-рт Хийсвэр сэтгэлгээ, бэлэгдлийг илэрхийлсэн үйл хөдлөл, дуу авиа, хэлбэр дүрс, бишрэл хүндэтгэлийг дотоод хүчээр, төрийн хүндэтгэлийн эрхэм шинжийг янз бүрийн аргаар хэрэгжүүлдэг.3-рт төрийн хар хүн бүрийн төрөө хүндэтгэдэг хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэж төр ард олондоо үнэнч байх зэргийг дурьдаж болно.
Төрөө хүндэтгэх, түүний ариун байдлын эрчимт чанар, гүн хүндэтгэлийг нийгмийн ухамсарт хүргэж шингээнэ гэдэг тухай төрийн бодлого, хөгжлийн хурд, сэтгэлгээний гайхамшиг, үндэсний соёлыг давхар харуулсан онцгой нэг арга ухаан юм.
Ийм учраас төрийн эрхэм ёс хүндэтгэлдээ онцгой анхаарч мөнхөд тахин хүндэтгэж байх нь төрийн нэр төр түүний дэвшүүлсэн зорилго зорилт амжилттай хэрэгжих итгэл зүйн их хүч болдог.
Бодит болон далд утга бүхий төрийн хүндэтгэл, түүний ариун байдал маш нарийн үнэ цэнэтэй ёс ёслолоор дамжин илэрдэг. Үүний дотор хэл яриагаар илэрдэг ёс ёслол нь төрийн ариун байдал, түүний эрчимт чанар гүн хүндэтгэлийн тухайн орон зай цаг хугацааны хүрээнд нэг л удаа хэрэгждэг дахин үл давтагдах шинж чанарыг агуулдаг онцлогтой. Иймд төрийн түшээд энэ ёслолд онцгой анхааралтай хандаж хэлсэн үгээ цэнэхгүй бол дахин засварлах боломж байдаггүй.
Өнөөгийн төрийн түшээд сонгуульд ялахын тулд бараг “Лусыг амлаж, тусыг хүргэнэ” гэсэн эрх мэдэл, эх орныхоо эдийн засгийн хэр хэмжээнээс илүү амлалт өгч түүнийгээ биелүүлж чадахгүй болсноор төрийн хар хүн биш бор хулихдагч болон төрийнхөө нэр хүнд, өөрийгөө хэн гэдгээ харуулж, амлалт бүхнийхээ өмнөөс доромжлолын үг “Худалч”, “Эрх ямба горьдогч” хэмээх нэр цогтой болдог болжээ. Мөн дахин давтагдашгүй торгон агшинд хайхрамжгүй хандсанаар төрийн нэр хүндийг сэвтээж, сонсох чих, үзэх нүдэнд гаж сэтгэгдэл төрүүлж, олон түмний итгэл зүйд их гай тарьдаг.Тухайлбал: Тангарга өргөх, найр хурим, баярт оролцох, гэрээ хэлцэл үсэглэх, зочин гийчин хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гээд төрийн хүндэтгэлийн эрхэм дээд ёслолд эв дүйгүй хандах, үл эс тоосон дүрээр ёс мэддэггүйгээ хаацайлах, үйл хөдлөл, үг санаагаа илэрхийлэхдээ будилах, дураараа аашлах зэрэг нь төрийн ёс хүндэтгэлийг сэвтүүлж төрөө хүндэтгэх иргэн хүний итгэл зүйд гай тарьж, Монгол төрийн нэр хүндийг доройтуулдаг. Чухам энэ бүхнийг цээрлэж Монгол түмэн минь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн сургасан нь төрөө хүндэтгэхийн аугаа гүн утгыг илэрхийлсэн ухагдахуун юм.
Төрөө хүндэтгэн дээдлэх, ард түмний итгэл зүй, төр түмний эв нэгдэл гагнаж байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн төрийн тэргүүнтэй болоод 20-иод жилийг ардаа үдлээ. Төрийн тэргүүн ямар байх, түүний хэлсэн үг, гаргасан лүндэн бүхэн хэрэгжиж байх, төрийн тэргүүн ёс зүй сайтай байхаас эхлээд төрөө хүндэтгэдэг эрхэм ёс улам баяжигдан төрийн ёс ёслолын олон хэлбэр хуульчлагдан батлагдсан. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats