Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрөө хүндэтгэх ёсны нэг бол төрийн албаны ёс:
Төрөө хүндэтгэх ёсны нэг бол төрийн албаны ёс: Төр гэдэг бол олон эд эсээс бүрдсэн удирдах, удирдуулахын ухаантай амьд организм юм. Төрийн албыг нарийн дэг журам, ёс жаягаар боловсруулсан, албан ёсны бичиг баримтаар явуулдаг нэг ёсны систем буюу төрийн албаны ёс гэж болно. Үүнд:
    Төрийн бодлогыг боловсруулах, өргөн барих
    Төрийн албан бичгийг боловсруулах, дамжуулах, хадгалах, бичиж тэмдэглэх
    Төрийн албан хаагчдыг шилж сонгох, дэвшүүлэх, буулгах, залгамж халааг бэлдэх
    Төрийн түшээд “Хар хүн”-ийн хувцас өмсгөл, зэрэг дэв, цол тэмдэгийг олгох, хэрэглэх
    Төрийн ордны ёс жаягийг тогтоох, хамгаалах, дагаж мөрдөх
    Төрийн сайд түшмэд, албан хаагчид тангарга өргөх, түүнийгээ ёсчлон биелүүлэх, сахих гэх мэт өргөн ойлголтыг хэлдэг байна.
Монгол түмэн “Төр түвшин бол түмэн амгалан” хэмээн хэлцдэг нь төрийн албаны ёс хатуу чанд, үнэн шударга байвал ард олны сэтгэл амар, улс даяараа үймээн самуунгүй байхыг хэлсэн хэрэг. Энэ утгаар нь төрд алба хашигчдын ёс зүй, төрийн албаны ёс зүйд онцгой анхаардаг.
Төрөө хүндэтгэх учир утгыг илэрхийлсэн төрийн үндсэн зарчим гэж байдаг. Үүнд:
    Төрийн бүтэц, зохион байгуулалт нь илүү дутуугүй нүсэр биш, дамжлагагүй цомхон
    Түшээд, ажилчдын эрхлэх ажлын хуваарьлалт тодорхой чанд журам, сахилгыг эрхэмлэдэг
    Төрийн үйл ажиллагааны бүх шатанд итгэх, итгүүлэх аргыг голчлох 
    Үнэнч шударга зүтгэх чин санааг эрхэмлэх
    Тал тохой татах, далд муу арга заль хэрэглэдэггүй ил тод, шударга байдлыг барих
    Төрийн сүр хүч, эрхэмсэг чанарыг илтгэх төрийн эв нэгдэл, бат цул байдлыг харуулан төрөө хүндэтгэх олон түмний бишрэлд тулгуурлах зэрэг оршино.
Төрийн зүтгэлтэн (өнөөгийн улс төрч) гэдэг нь нийгэм, улс төрийн гүн ухааны үүднээс үзвэл нийгмийн түүхийн үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэсэн буюу гүйцэтгэж байгаа хувь хүн улс орны удирдлага, зохион байгуулалтын бүтэц дэх өвөрмөц нийгмийн хөдлөл хөгжилд бодитой эерэг мэдэгдэм ололт амжилтыг ард түмэндээ бүтээж олгосон нэг буюу бүлэг хүмүүсийг хэлэх бизээ.
Үүний сод жишээ бол эзэн Чингисийн “Их засаг” хууль XIII-XIY зууны дэлхий дахины хууль цаазын үндсэн зарчмыг тодорхойлох хэмжээний агуулга төгөлдөр байсан нь эзэн Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 150 жил тогтож байсан төрт улсын эрх зүйн акт болсоор байсан баримт нотолдог гэж эрдэмтэн судлаачид үздэг. Их засаг хуулийн төр эрхэмсэг орших нь эгэл жирийн үнэнийг олон үндэстэн язгуур угсааны иргэд харьяатнуудынхаа эрх ашиг, хүсэл зоригийг хамгаалж чадаж байсантай холбоотой юм. Гэрийн хэрэг их ч гэсэн нь бага, төрийн хэрэг бага ч гэсэн нь их хэмээсэн зарчмыг барьж, хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэдэг төрийн хүний төв эрхэмсэг шинж явцуу утгаараа төрийн зүтгэлтэн, өргөн утгаараа төрийн зүтгэлтэнд буйлан шингэсэн цогц мэдлэг чадвар, ааль авир нь нийгэм олон түмэнд ээлтэй туслах тусац, төрийн бодлогын давхар оньсыг улс үндэснийхээ эрх ашигт эсэргээр авч явах чадвар гэлтэй. Төв эрхэмсэг шинж хүн бүрд заяахгүй зөвхөн мөнх хөх тэнгэрээс заяадаг онцгой үзэгдэл учраас хаан хүн цөөхөн төрдөг гэж болно.
Түүхэнд төрийн зүтгэлтэн (улс төрч)-ийн гүйцэтгэсэн үүрэг ролийг дараах шалгуураар үнэлж дүгнэдэг түгээмэл жаяг буй болжээ.
    Сахь төрийн зүтгэлтний удам, гарал, улстөрийн намтар
    Үйл ажиллагаа явуулж байсан нийгмийн орчинг /дотоод, гадаад нөхцөл/
    Зорин тэмцэж буй үйл хэргээ анх санаачилж, ямар үр дүнд хүргэсэн түүнийх нь үр өгөөж, улс оронд үзүүлсэн нөлөө
    Тэмцлийн арга хэрэгслийн сонголт шинж төлөв
    Нийгэм, анги бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хандлага:
    Улс төрийн тойрон хүрээлэл
    Хувь хүний зан чанар, ноён нуруу
    Олон түмний дотор олсон нэр хүнд
    Үйл ажиллагааных нь сөрөг үр дүн гэх мэт шалгуур байж болно гэж түүхчид   бичжээ.
Монгол түмэн төр улсынхаа төлөө ихийг хийж бүтээсэн төрийн зүтгэлтэн олон хүнийг бид мэдэх бөгөөд тэднийг алдаршуулах талаар сайн биш байгаа гэж болно.
Монгол хаадын удирдахуй ухаан арга барил төлөвшиж тогтсон нь нүүдэлчдийн амьдрал, асар уудам газар нутагт хүртээмжтэй явуулж байсантай холбоотой бөгөөд Чингис хааны удирдахуй ухааныг үнэлж эрдэмтэд бичихдээ:
1.    Гайхалтай “нээлттэй” байсан явдал
2.    Их хурдыг шүтдэг хүн байв
3.    Түүний зохион байгуулалттай үйл ажиллагаа
4.    Хүнд өөртөө итгэх итгэлийг төрүүлж чаддаг
5.    Чингис хаан бол гарамгай удирдагч, менежер
Хэмээжээ. Чингис хааны удирдахуйн ухаан логик онол нь
I-т аливаа асуудлыг урьдчилан харах чадвартай,
II-т урьдчилан харж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх чадвар,
III-т доод хүмүүсээ идэвхитэй ажиллуулах чадвар. Чингис хүнийг хөтөлж чаддаг байсныг түүний дайн байлдааны ялалтууд гэрчлэх юм.
IY-т эрх мэдэл олгох чадвар юм.
Чингис хаан шиг хатуу удирдагч эрх мэдлийг доод хүмүүстээ өгч байсан гэж бодоход итгэх хүн цөөхөн байсан байх. Лувсанданзан Алтан товч-д бичсэнээс үзвэл Чингис хаан хүний 35 эрдмийг төгс эзэмшсэн гэж хоёр дахин тэмдэглэсэн байдаг.
Хаан хүний 35 эрдмийг хэрхэн томъёолсныг академич Ж.Болдбаатар “Түүх зулсан он жилүүдийн ойллого” бүтээлдээ:
1.    Сайн бүхний үндэс-билэг оюун төгсөх
2.    Энэ нь хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих
3.    Буяны дээд багшийг шүтэх
4.    Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих
5.    Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих
6.    Шалтгаан, үрийн барилдлагыг мэдэх
7.    Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх
8.    Эрдэмтэй, эрдэмгүй сайн муу ардыг ялган таних
9.    Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих зохист утгаар шинжих
10.    Арга башир ихтэй ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих
11.    Номын ёсоор явах
12.    Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх
13.    Эрдэм билгийн дайсан залхуу хойргыг тэвчих
14.    Аливаа үйл хэргийг үйлдэхийн өмнө нягтлан шинжих
15.    Хэр хэмжээний зоог барих
16.    Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг тэвчих
17.    Эм хүний үгэнд үл орох
18.    Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх
19.    Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх
20.    Хотол сайн явдал төгсөх
21.    Эцэг, эх болон амраг саднаа хайрлах
22.    Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх
23.    Албат иргэдээ алба татвараар гачигдуулахгүй байх
24.    Хэрцгий догшин авиргүй, усгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах
25.    Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах
26.    Хамаг амьтны тусын тул өглөг хичээх
27.    Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх
28.    Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэгсэх
29.    Чухаг дээд гурвыг шүтэх
30.    Сайн нөхрийг шүтэх
31.    Үр хүүхдээ хайрлан энхрийлж, сайн мөрд оруулах
32.    Ард олноо асран тэтгэх
33.    Албат иргэдээ номчлон тэтгэх
34.    Өөрийгөө болоод бусдыг арван буяны мөрд оруулах
35.    Дээдийн номыг дэлгэрүүлэх хэмээн авч үзсэн байна.
Академич Ж.Болдбаатар хаан хүний эдгээр шинжийг бүлэглэн хайрлах сэтгэл, төрийн оюун ухаан, номыг хүчээр засах, төрийн хэрэгт тэвчихүй, үл тэвчихүйн ухаанаар хандаж, авах, гээхийн ёсыг баримтлах, төрийн хэргийг давхар бодож, даамай хийж, асуудлыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн оргилд нь эргэцүүлэн тунгааж бодох зэргээр ангилан авч үзсэн байна.
Энэ нь тухайн үедээ монголчууд дэлхийн удирдлагын ухаанд ихээхэн мэргэшсэн, энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулсан ард түмэн гэдгийг давхар баталж байна.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats