Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрийн ёс ёслол гэдгийг хэрхэн ойлговол зохистой вэ?
 Төр гэдэг нэгдүгээрт-төр засаг, хоёрдугаарт-төр, ёслол, журам гэсэн утгатай. Төр, ёс гэдэг нь аливаа улс гүрэнд тогтсон журам төдийгүй хуулиар баталгаажуулсан чиг үүргийг, төрийн ёслол гэдэг нь төр ёсны тохиох янзыг тогтоон хүмүүн зон хичээнгүйлэн дагаж мөрдөхийг хэлэх бөгөөд төр эрхэмсэг оршихуй хийгээд төрийн хүч чадал, цог хийморь, хүндэтгэл бэлэгдлийг тусгай дэг жаягаар илэрхийлэх ёс ёслол гэж ойлгож болно. Товчоор хэлбэл төрийн ёсны тохиох шинжийг төрийн ёслол гэнэ.
 Төрийн ёсыг тэд байна гээд хатуу тоо хэлэхэд бэрх. Яагаад гэвэл төрийн үйл ажиллагааны шаардлагаар ёс ёслол гарч ирдэг. Ер нь төрийн ёс нийгмийн өөрчлөлт шинэчлэлтээр үгүй болж, шинээр буй болж байдаг нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал: өнгөрсөн нийгмийн үед монгол төрийн ёслол арван хэдхэн  төрөл байсан бол ардчилсан нийгмийн үед төрийн шинэ ёс ёслол бий болсон. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, төрийн их цагаан тугийг залах, байрлуулах, төрийн тахилгатай уул овооны тэнгэрийн тайх, цэргийн хар сүлдийг цэнгүүлэх, төрийн ордны ёс, УИХ-ын чуулганы нээлт, гишүүд тангараг өргөх гэх мэт 30 гаруй төрийн ёс байна. Төрийн ёс ёслолтой түүнийгээ хэрэгжүүлэх дэг жаягтай, мөрдөх хууль цаазтай, хүндэтгэх зан заншилтай, тусгаар газар нутаг, үндэсний соёлтой байх нь Бүрэн эрхт улс мөнийн цогц шинжийг агуулж, төрийн сүнс болсон ёс ёслолыг  төрт улс бүхэн явуулж байдаг жаяг орон бүрт тогтож хэвшсэн байна.
 Ёс бол наснаас ах гэдэг: Хүний нас, цол хэргэм, байгуулсан гавьяа энэ бүхнээс ёс ах байдаг. Төрийн тэргүүнээ хэн байхаас үл хамааран хүндэтгэл үзүүлж байх ёс зүйн утга учрыг дээдлэх ёстой. Би урьд нь сайд байсан энэ миний сурагч гээд шинэ сайд хүнээ хүндэтгэхгүй байх, эсвэл би ахмад өндөр насны надад тэр ирж золгох ёстой гээд алба амины ёслолд хандаж болохгүй гэсэн үг. Энэ утгаараа төрийнхөө ёс ёслолд хүндэтгэл үзүүлж явах нь иргэн хүний хүмүүнлэг, ёс төртэйн шинжийг илэрхийлдэг байна.
Төр ёсоо, бурхан шашны зан үйл хөх мөнгөн тэнгэрээ гээд олон шүтээнтэй болсоон тэднийг алинд мөргөж явах вэ? Ер нь сүсэглэл хүнд хэрэгтэй юу гэсэн асуулт тэр бүр хариултгүй яваа:
Сүсэглэл хүнийг эзэмшиж байдаг энэ утгаараа бусад амьтдаас ялгаатай. Сэтгэн бодох, сүсэглэн залбирах шинж нь тухайн хүний оюуны цар хэмжээ, мэдлэг болон танин мэдэхүй харилцан адилгүйг нь илэрхийлдэг. Монгол хүн бүр хөх тэнгэртээ залбирч, газар дэлхийгээ дээдлэн шүтэж явдаг далд увидас бишрэлтэй нь нууц биш. Мөн хүн болж төрсөн төөрөг зурхайн зурлаг ёсоор би явж байна, миний заяа тавилан ийм хойно, үйлийн үрийг үрж бардаг гэж зовлон жаргал хоёрынхоо хэмжээгээр хувь тавилангаа хязгаарлаж, сүсэг бишрэлийнхээ зарц нь болж тэр хязгаараас гарах танин мэдэхүйн зургаа долоодох мэдрэхүй байхгүй болохоор сүсэг бишрэлдээ итгэсээр байхаас өөр аргагүйд хүрээд байгаа.
Ялангуяа тэнгэрлэг үзэл, буддагийн шашны ертөнц дахины үзэлтэй нийлж, утга агуулга нь баяжигдан, үзэл онолын давхар суурьтай болсон төдийгүй дэлхийчлэгдэх үеийн олон улсын төрийн ёс ёслолын нэг болж тогтохыг үгүйсгэх аргагүй болоод байна.
Ардчилсан Монгол улс бөө мөргөл, (тэнгэризм) олон янзын бурхан шашины алийг сонгохоо мэдэхээ болиод ардчилал хэмээх бурханыг сонгоод 20-иод жил өнгөрлөө.
Бурхан минь, “төрийн сүлд өршөө” гэхээ бараг больж, муу муухай бүхнийг төрийн гурван өндөрлөг рүүгээ чихэж, хууль зөрчөөд өг, бид хохирч байна, эс тэгвээс тэмцлийн хурц хэлбэрээр өөрсдийгөө шатаана гэж сүрдүүлэх үзэл газар авч байгаа нь төрөө дээдлэх, тэнгэрээ шүтэх үзэл алдагдсаны илрэл юм. Харин төрийнхөө сүлдийг эсвэл төрөө, нэг бол мөнх тэнгэрээ шүтэх, сүсэглэн залбирч явахын алийг сонгох нь хувь хүн таны оюун санааных нь мэдрэмж мэдэх хэрэг. Төрийн ёс ёслол ямар хэмжээнд хэрхэн явагдаж байгаад үзэгчид шүүмжлэлтэй хандах болсоон.
Улсын амин сүнс нь төр, төрийн сүнс нь ёс ёслол байдаг. Тэгвэл монгол төрийн ёс ёслол үнэ хүндгүй болж, ард түмэн төрийнхөө ёс ёслолоор бахархан омогшихоо больсон. Хоёрдугаарт төр засгийн нэр хүнд эрс суларч, төрийн тэргүүн түшээдээ хүндэтгэхийн оронд харилцан бие биенээ хэл амаар доромжилж гутаадаг. Гуравдугаарт төрийн сүнсний шүншиг болсон ёс ёслолын утга агуулга, түүний гэгээрүүлэх хийморьлог, чанарт анхаархаа  больсон нь төрийнхөө ёс ёслолыг иргэд  анхааран үзэж сонирхон омогших хэмжээнд явагдахгүй байгаатай холбоотой. Нэгэн баримт нь Монгол улсын төрийн дуулал эгшиглэхэд УИХ-ын гишүүд гараа зүрхэн дээрээ тавих уу эсвэл элэг, ходоодон дээрээ тавих уу гэдгийг зааж өгсөн дэг жаяг байхгүйгээс гадаадынхан манай улсын их хурлын чуулганы нээлт хаалтыг хараад голдуу бие хаа муутай хүмүүс парламентад нь сонгогдсон юм болов уу хэмээн эндүүрч мэдэхээр болоод байна.
Саяхан Оюу толгойн гэрээний асуудлыг хэлэлцэхээр зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэн дээр л гэхэд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун гараа яг аюулхай дээрээ тавьсан байгааг харсан гадныхан “Хөөрхий энэ хүний ходоод гэдэс өвдөөд байгаа юм байна даа. Хоол боловсруулах зам нь их асуудалтай хүн бололтой” гэж бодсон нь лав. Тэгвэл УИХ-ын дарга Д. Дэмбэрэл бүр доошлуулаад зүүн гараа яг гэдсэн дээрээ тавьчихсан зогсч байв. Түүний хажууд ерөнхий сайд С. Баяр хөшөө аятай номхон зогсч байгаа харагдсан. УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл жигтэйхэн идэвхтэйгээр яг уушгин тушаа газраа баруун гарынхаа алгыг тавьчихсан зогсч байсан бол УИХ-ын гишүүн Д. Зоригт баруун гараа бүдүүн гэдэс хавьцаанаа дарчихсан зогсч харагдана лээ.
Төрийн дуулал эгшиглэхэд аль гараараа цээжин биеийнхээ аль хэсэгт дарах ёстой юм бэ, аль гараа унжуулж аль гараа энгэр цээжиндээ наах вэ гэдгийг ёслолын албаны дүрмээр зааж өгөөгүй учраас бөөр зүрхээ дараад өрхийн эмнэлгийн үүдэнд өцийж зогсоо юм шиг тун муухай харагдаж байна. Эрдэнэ тангараг өргөж төрийн тугнаас адис авахдаа зүүн өвдгөө нугалж суусан нь төрөөс өр нэхэж буй шинж юм.
Төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй, дэлхийд алдаршсан хаантай улсын төрийн ёс, ёслолыг харь орны эрдэмтэн судлаачид урьдын адил сонирхсон хэвээр байгаа төдийгүй манай ард иргэд төрийнхөө ёслолоор бахархах, омогших ур ухаанаар цангах болжээ. Том гүрнүүд төрийнхөө ёс ёслолд ямар их ач холбогдол өгч байгаа жишээ бол:
БНХАУ тунхагласныхаа 60 жил, ОХУ 80 жилийнхээ ойн ёслолыг 1.5-2 жил бэлтгэж, дэлхийн зуу гаруй орны тэргүүн нарыг энэ баяртаа урьж оролцуулсан бөгөөд тэд дээрх хоёр гүрний төрийн ёс ёслолыг гайхан магтаж, дэлхий даяар ТВ цацахад нь бид нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэж гайхсан. Саяхан АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх төрийн их ёслолд 2 сая гаруй хүн оролцож, төрийн тэргүүндээ баяр  хүргэж төр, ард түмний эв нэгдлийг илэрхийлсэн ёслолыг дэлхийн улс бүхэн үзэж сонирхлоо. Дээрх 3 гүрний төрийн нэр хүнд дэлхийд өсч ард иргэд нь төрийнхөө ёс ёслолыг үзэж амьд гэрч болсноороо бахархан омогшсон билээ.
Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл: төрийн ёс ёслолын өнө эртний уламжлалтай дэлхийд нэртэй хааныхаа төрийн ёс ёслолд ач холбогдол өгч хөрөнгө мөнгө гаргаж, энэ ажлын нэр хүндийг өргөх талаар ажил хариуцсан төрийн түшээд нэгийг бодож эрс шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол харийн шашин бүрт сүсэглэн тэднийг дагаж Монгол төрийг хүндлэхээ болиход хүрээд байна.
Эзэн хаадаа төрийн ордны хойморт бус хатавчинд (үүдэн)-аа залсан, төрийн хүндэтгэлийн монгол гэрийн ордон байгуулж нээхдээ тоононд нь хадаг уясан  атлаа тулганд нь гал асаах ёслолыг хийгээгүй, уг ордонд харийн зочин хүлээн авахдаа төрийн түшээд европ хувцастай байдаг, Төрийн дуулал эгшиглэх үед зарим нь баруун гараа зүрхэн тус газраа тавьсан байхад ихэнх нь хувцсаа ч товчлоогүй, малгайтайгаа зогсож байх мөн төрийн тугнаас адис авах, сөхрөхдөө зүүн хөлөө нугалж суусан зэрэг төрийн ёсоо дээдлэх ур ухаан мэдлэг ёс зүйгээр төрийн түшээд маруухан  үлгэргүй байгаа нь төр ард түмнийхээ нэр төрийг гутаасан хэрэг гэж болно.
 Эзэн Чингис хаан “Их ёсыг эс чанд мөрдвөөс төрийн хэрэг гандаж мөхмү” хэмээн  сургасан үг сургаалийг ч төрийн ёс ёслолыг төрийн түшээд чанд дагаж биелүүлэх эсэх нь дурын хэрэг гэх, олон мянган жилийн уламжлалтай төрийн ёс ёслолоо хүндэтгэх, үзэл төлөвшил олоогүй, төрөө дээдлэж, төрийн сүлд өршөө, төр төвшин амгалан байх болтугай хэмээн залбирдаг итгэл зүйг уландаа гишгэсэн бүдүүлэг ажиллагаа бөгөөд нэг талаар төрийн ёслолын дэг жаяг буй болгохыг шаардсан гэлтэй.
Төр ёсны хүндэтгэлийн нэг бол төрийн ордон байсан одоо ч байгаа энэ талаар:
Монгол нутаг амьдран аж төрж байсан Хүннү гүрний үеэс Төрийн ордон гэсэн үг түүх шастирт тэмдэглэгдэж Монгол үндэстний төрийн ёс үүссэн бололтой юм.   Төрийн ордноо түмэн олон шүтэж байдгийн учир нь Төрийн хаадын ордон /өргөө/-нд үндэстний эрх ашиг, төрийн гадаад бодлого боловсруулагдаж, хууль цааз батлагдаж, Монгол Улс нийт ард түмний эрх ашгийн асуудал хуульчлан баталгааждаг төрийн хар хайрцагны асуудал энд төвлөрч ирснээрээ Монгол төрийн ордны түүх нэн олон мянган жилийн уламжлалтай юм. Төрийн ордонд төрийн ёсны бүх хүндэтгэл ёслол явагдаж, Монгол Улсын төрд эрдэм оюун төгөлдөр хүмүүс ажилладаг нь төрийн ордны нэр төр өнгө төрхийг тодорхойлсоор иржээ.
Төрийн ордон, төрийн бэлгэдэл болсон төрийн сүлд төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Их Монгол Улсын уламжлалт их цагаан туг, ордны дээр төрийн далбаа намиран хийсч байгаа нь  ард түмний хувь заяа, хийморь, тусгаар улсын бүрэн бүтэн байдлыг илэрхийлж  байдаг.
Энэ утгаараа төрийн ордон нь Монгол төрийн улс төрийн төв, Монгол түмний шүтээн, тэдний санаа зориг, хүсэл тэмүүллийн илрэл болж иржээ.
Төрийн ёсны нэг төрийн ордон ямар ёс жаягтай байсан түүхийн баримтыг товчхон дурдвал Хүннү гүрний Шанью хаан “ Дуут сум”, ”Луут зогсоол “ хэмээх хот босгож хааныхаа өргөөг гадна талаараа тойруулсан бэхэлгээтэй, худалдаа орон байр, цэргийн цогцолбор маягтай байсан тухай сурвалж бичигт дурьдсан байдаг.
Шанью хаан Төрийн ордны дэргэдэх өргөөнөөсөө гарахдаа өглөө бүр сар наран  зүгт гурав мөргөдөг байжээ.
Шанью хааны ордныг 57 дугаар оны үеэс анхлан хааны “орд” хэмээн нэрлэж Төрийн ордноос улсын хийморь эхэлнэ гэж үздэг. Дээд тэнгэр улс орныг харахдаа эхлээд төрийн ордонг нь ажиглана. Төрийн ордон ямар өнгө жавхаатай байна улс гүрэн тийм байна гэсэн үзэл баримталж байсан нь өөдлөх айлын өнгө үүднээсээ гэсэн ардын минь мэргэн сургаал өнө эртнийх гэдгийг баталсан хэрэг.
Мөн Хүннү гүрний Шанью хаан ордны үүдийг зүүн урагш нар гарах зүгт харуулж , улс гүрний нутгын  төвд ордон байх ёстой гэсэн үзлийг баримталж байсан гэж судлаачид бичсэн байна.  Шанью хааны ордонд орохын тулд морьтойгоо нар зөв гурав тойрч, баруун зүгт харж мэхийн ёслоод дараа нь Шаньюгийн ордонд мөргөж ёсолсны дараа хэрэг хэлцдэг байжээ. Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны орд өргөө нь нүүдлийн байсныг түүхэн баримтаас бид мэддэг.
Академич Х. Пэрлээ гуай Их Монгол Улсын үед Хэрлэн голын зүүн эрэг дээр зүүн орд, Монгол алтайд баруун орд гэх зэргээр олон орд харш байсны дотор Чингис хаан дөрвөн ордтой байсан гэдэг.
1235 онд Өгөөдэй хаан Хархорумд асар том харш байгуулсан. Түүнийг                        “Түмэн амгалан“ гэдэг байсан түүх бий.
Их Монгол улсын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүд эзэн хааны ордон “ өргөө” гэрт явагддаг. Чингисийн тогтоосон ордны ёс горим Өгөөдэй хааны үед улам боловсронгуй болж энэ журам ёсоор ордонд зургаан их чэрбэ байдаг, тэд нар ордны гадаад дотоод бүхий л үйл ажиллагааг даргалдаг. Ордон өргөө хишигтэн цэргүүдийн байнгын хамгаалалтад байдаг байжээ. Манжийн 222 жилийн ноёрхлыг халж XX  зуунтай золгосон Монгол Улс 1911 оны 12 дугаар сард Богд Жавзан дамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо тухнагласан төрийн ёсны амьд гэрч ахмад түүхч Намааннамжил бичихдээ: “… хуучин Дэчин Галбын дуган гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал мөн Дорж ваваарин гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж тэрхүү зайд Монгол төрийн орд гэдэг шар хамбан торгоор мөшгөөрлөсөн / хөвөөлсөн / сүлбэмэл очир, есөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг байгуулжээ” гэсэн байдаг.
VIII Богд Жавзандамба хааны өвлийн ордон болох 2 давхар европ маягийн цагаан байшин нь хаант орос улсын барилгачдын  төслөөр баригдсан бөгөөд манжийн хаан “ буруу номын байшин барилаа гэж зэм хүртээснээр байшингын дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхун цэцгэн хээ нэмэлт хийлгэжээ.Энд Дондогдуламын хамт 20 жил амьдарсан гэдэг. Одоогийн /БХОМ/- Богд хааны ордон музей, үүнээс гадна хайстай лаврин буюу зуны ордон, төрийн шар ордон, цагаан ордон мөн Гандан хийд наймаа хот Манзушри хийд гээд дөрвөн уулыын дундах нийслэл хүрээний дүр төрхийг тэнгэрээс харсан мэт зохиомжилсон байжээ.
Төрийн шар ордон, зуны ордон зэрэг нь 1924 онд шатаж устгажээ.
Одоогийн төрийн ордон нь анх Засгийн газрын ордон хэмээн европ загвараар 1951 онд ашиглалтанд оруулж Монгол хаадын орд харш барих уламжлалт арга технологийг авч барьсан гэдэг. Уг ордонг 1961,1981 онуудад өргөтгөл хийж, 1987 онд шинэчлэн хийсэн бөгөөд 1954 онд бунхны индэрийг барьж, нээх ёслолын ажиллагаанд Цэргийн сургуулийн сонсогчид жагсан, их буугаар 21 удаа буудаж ёслон энэ үеэс Д. Сүхбаатар, Х. Чойбалсангийн бунхант индэр  гэж нэрлэж Сүхбаатарын талбайд болох цэргийн парад, хөдөлмөрчдийн жагсаалыг төр засгийн удирдлага харийн болон дотоодын зочин төлөөлөгчид үздэг.
Энэ үеэс индрийг хамгаалах арчлах үүргийг Аюулаас хамгаалах байгууллага, дараа нь Төрийн тусгай хамгаалалтын 10 цэрэг 24 цагаар хардаг харуул хэлбэрээр хамгаалдаг байв.
Монгол төрийн ордны дээр төрийн далбаа байнга мандаж, ордны хамгаалалт, үйлчилгээг хариуцсан албатай, тэр албаны зөвшөөрлөөр гадны хүмүүсийг оруулж гаргадаг дэгтэй юм.
Төрийн ордон 490 гаруй ажлын өрөө, Засгийн газрын хуралдааны, үндсэн хуулийн цэцийн , ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, уулзалтын 10 гаруй танхим заалтай, номын сан уншлагын газар зэрэг 40 гаруй үйлчилгээний өрөө тасалгаатай.
 Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тамгын газар, УИХ, түүний тамгын газар Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн ёслолын үйлчилгээний алба гээд төрийн бодлого боловсруулах мэдлэг дадлагатай сэхээтэн эрдэмтэд өндөр албан тушаалтан ажилладаг байна.
Төрийн ордонд 100 шахам уран зураг, 10 гаруй баримал, эзэн Чингисийн гантиг чулуун цээж баримал, Монгол төрийн хүндэтгэлийн бэлэгдэл есөн хөлт их цагаан туг, Н.Лхагвасүрэнгийн “Төрийн долоон эрдэнэ” түүх уламжлалын сэдэвт 17 метр Монгол зураг зэрэг гайхамшигт бүтээл хадгалагдан ордныг чимэглэж байдаг.
Төрийн ордны барилгын дундах чөлөөнд эзэн Чингисийн суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр байдаг. Одоо ордны урд Монгол төрийн ёслолын цогцолбор шинээр босгожээ. Өнөөгийн төрийн ордонд Монгол Улсын 3, 4 дэх Үндсэн хууль боловсрогдон батлагдаж, төрийг үе үед удирдаж байсан 20 гаруй удирдагчдын хөргийг хүндтэйгээр байрлуулжээ.
Мөн Монгол Улсын дөрвөн удаагийн Ерөнхийлөгчид тангаргаа өргөж АНУ, БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгчдийг хүлээн авч, албан ёсны хэлцэлд үзэглэсэн зэрэг төрийн ёслолын түүхээрээ түмний шүтээн байх эрх зүйнтэй  Монгол төрийн түүхийн төв билээ.Төрийн ордноо дээдлэх ёс ганц манай улсад бус дэлхийн бүх улс орны хэмжээнд хадгалагдаж ирсэн төрийн дээд ёс юм.
Монголчууд өөрийн гэрийн тооно, гал голомтоо дээдлэн цагаан сарын өглөө галдаа мөргөж, элдэв хир буртаг оруулахыг цээрлэж галын дөл өөдөө хэмээж ирсэн. Тэгвэл Монгол төрийн ордон нь Монгол Улсын ард түмний их гал голомт, хэн ч халдашгүй дархан газар билээ. Хармсалтай нь төрийн ёсоо мэддэг хэрнээ зарим  төрийн бус байгууллага, олон нийтийн хөдөлгөөн эвсэл,  чөлөөт ахмадын байгууллага төрийн ордны ёс хүндэтгэлийг бүдүүлгээр зөрчиж бухимдал бүхнээ ордондоо гаргаж, ордны ёсыг алдагдуулан, дайрч орох, цонх хаалгыг нь эвдэх, чулуу өндөг шидэх, будаг цацах, хашгиралдан тойрч гороолох болсон нь Монгол төрийн ёсыг зөрчсөн танхай хэрэг юм.
Төрийн түшээд бүхэн төрийн ордныхоо ёсыг хүндэтгэн сахиж ордонд алба хаах болсноороо бахархдаг байх ёстой атал зарим хүмүүс, хэвлэлийнхэн ордныг саарал байшин гэх болсон нь төрөө дээдэлдэг уламжлалт зан знашлаа умартсан, улсынхаа ариун гал голомт болсон төрийн ордны ариун нэр хүндийг гутаасан зохисгүй үйлдэл гаргасан төрийн ёсыг сэвтээгчдэд хариуцлага хүлээлгэх хуулийн акт байхгүйтэй холбоотой.
Төрийн ордон нь байгалийн гамшиг, гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан байхаас гадна гэнэтийн халдлагаас бүрэн сэргийлж чадахуйц хэмжээнд сургагдаж бэлтгэгдсэн хамгаалагчид, журам сахиулагч нарын байнгын хараа хяналтад байх ёстой.
Мөн ордны гадаад өнгө төрх, доторхи засал чимэглэл, шат, өрөө тасалгааг дэлхийд биш гэхэд Монгол улсын хэмжээнд баригдсан орд харшаас ямагт илүүтэй байлгах шаардлагатай.
Ингэж чадсанаараа төрийн ордон төрийн ёс, ёслол, ард түмний шүтээн байх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Энэ бүхнээс үндэслээд төрийн ордны хамгаалалтын хууль эрх зүйн акт баримтыг боловсронгуй болгох, ажиллагсдыг нь хамгийн нуруулаг, царайлаг, соёл боловсролтой залуусыг шилж сонгон авч, сургаж бэлтгэх, тэднийгээ төрийн ёс, ёслол хүндэтгэлийн албаны дадлага, хамгаалалтын чадварлаг мэргэжилтэй болгож бэлтгэх хэрэгтэй санагддаг.
Ордны хамгаалалтын албан хаагчдын хууль эрх, төрийн ёсны мэдлэг дадлага, хувцаслалт, харилцаа нь болхи, соёлгүй байдлаас болж төрийн ордон түмний шүтэн бишрэх, хүндлэн дээдлэх нэр хүнд алдагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй учраас ордны ёс дэгийг дээдлэх шинэчлэх нь улсын нэр хүнд, ард түмний эрх ашигт нийцэх болно.
 Ёс ёсны дээд нь хүмүүн биднийг эрдэнэ болгож ёс нийлсээр их соёлын түүхийг бүтээдэг ёс зүй алдагдсаар, хүндэтгэлгүй мулзан төрийн, нэр хүндгүй түшээд худал амалсаар байх аваас төр шүншиггүйдэж, түмэн олон төрийнхөө хүндэтгэлээр цангаж, шүтлэггүй, ёс зүйгүй, эрээ цээрээ алдвал эцэст нь үймээн болдог ажгуу. “Ёслолыг хүндэтгэх нь зарим үед үйлс сэтгэгчлэн бүтэхийн үндэс болдог” гэж италийн улс төр судлаач М. Сгрелли хэлсэн. Төрийнхөө ёс ёслолд сүсэглэн, төрөө хүндэтгэх нь монгол хүний хүсэл зорилго сэтгэгчлэн бүтэхийн нягууртайг үгүйсгэх аргагүй.
Төрийн ёс хүндэтгэл шинэчлэгдэж байх ёстой.
Юуны урьд төрийн ёс ёслолын журмыг өөрчлөн төрийн хос ёсны эрх зүйн акт, хууль зарлигыг гаргаж мөрдөх хэрэгтэй. Мөн эзэн Чингис мөнх хөх тэнгэртээ үйл бүхнээ даатгаж, аугаа их энерги, зориг золбоо, оюун ухааныг авч байсан уламжлалыг үргэлжлүүлэн сэргээж   тэнгэризмыг шүтэх дээдлэх, төрийн ёс ёслолын цоо шинэ ритуалын талаар нэгийг бодох ёстой. Хоёрдугаарт: Үндсэн Хуулинд Монгол төрийн ёс ёслолоо дээдлэх талаар үг өгүүлбэр оруулж, төрийн ёс ёслолын тухай түүхэн ном кино бүтээж, дотоод гадаад улсын төрийн ёслолд оролцож байсан төр нийгмийн зүтгэлтэн, дипломатчид, түүхч эрдэмтдийн теле ярилцлага нэвтрүүлэг явуулдаг болвол төрийн ёс ёслолын нэр хүнд өсч, ард түмэн төрдөө итгэх итгэл зүйн эв нэгдлийн их хүчийг бий болгоод зогсохгүй харь оронд төр улсаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болох бизээ.
Төрөө хүндэтгэх уламжлалт ёс бол, нүүдэлчин Монгол түмний оюуны болон соёлын их өмч  улс үндэстэн оршин тогтнох төр хямрал тэмцэлгүй байхын амин сүнс бөгөөд хүн төрлөхтний  түүх төрийн удирдахуйн ухаан оруулсан их хувь  онол гэж бид ойлгох нь зөв болно.
Энэ их хүндэтгэл итгэл зүйн далд увидастай гэдгээрээ төрийн амин сүнс болдог. Төрийн хүндэтгэлийн нэг чухал зүйл бол төрийн тэргүүний ямбаны хувцас гэж  үздэг.
Төрийн өмсгөл-буюу төрийн хааны ямбаны хувцасыг XIII зууны үед Монгол гүрний их хаад тухайлбал Мөнххаан /1252/ Хубилай хаан /1275/ тайллага ёслолын хувцасны дүрэм хуулийг дараалан гаргаж байсныг тогтоосон байна.
Ёслолын хувцасыг Их Монгол гүрний үед баяр ёслолыг /хавар, намар, зун, өвөл / дөрвөн улиралд  явуулж түүндээ тохирсон  ёслол тайллагын хувцас өмсдөг байжээ.
Монгол төрийн тусгаар тогтнол эрх чөлөөний хөдөлгөөн шинэ шатандаа шилжиж харийн түрэмгийлэгчдийг хөөж зайлуулж, 1911-12-29-нд Монгол  Улс байгуулагдсанаа тунхаглан  VIII Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилж Засгийн газраа байгуулснаар үндэсний хувьсгал ялсан, энэ үеэс монгол төрийн тэргүүн үндэсний утга агуулагатай төрийн ёслол /ямба/ -ны хувцас хэрэглэсэн түүхтэй .Тухайлбал  Богд Жибзундамбын  ёслол ямбанд хийж өгсөн хувцас  нь улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон гэж түүх судлаачид үздэг. Энэ хувьсгалын түүхэн ач холбогдолын 100 жилийн ой 2011 онд тохиох гэж байгаа нь төрийн тэргүүн, төрөө хүндэтгэдэг монгол түмний төрийн их  ёс ёслолын том баяр болох нь мэдээж үүнд одооноос сайн бэлтгэхийн ач холбогдлыг төр анхаарах ёстой .
Жавзундамба VIII Богд Манжийн хаанаас 25 удаа цол хэргэм хүртэж 25 давхар олбогтой 9 луу хээтэй суудалтай байв.
Жавзундамба VIII богд ламын хувцаснаас гадна хааны ямбаны төрийн ёслолын хувцас өмсдөг. Энэ нь “Шар өнгийн магнагаар хийсэн дээлэн  дээр алтан урт хүрэм өмсдөг. “Хүрэмний урд хойд талд болон баруун мөрөн дээр нь “пүүс” тэмдэг хаддаг, хүрэмний ар нурунд соёмбо тэмдэг хадсан байжээ. Энэ нь манж чин улсаас тусгаар улс болж, эзэн хаант төр ёс сэргэсний билэгдэл байжээ.
Богд Жавзундамбыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст гэгээн хаан хэмээн өргөмжилж Дондогдулмыг нь Улсын их дагина цол өргөмжилж хаан хатан хоёрыг залсан  сэнтийн арын түшлэг нь  9 луу сийлбэр хээтэй нанжвандан үсэгтэй байсан ба төвийн шар ордонд 1924 онд шатахад өвлийн ордонд авчирч тавьжээ.
Дондогдулам хатан шашир хоргой, алтан луу хээтэй дээл өмч, бадмаараг чулуун шигтгээтэй бүс бүсэлж төрийн ёслолд оролцдог байжээ.
Цан малгайтай уг малгайг саатай шар торгоор доторлож, орой дээр нь жижиг  сувд хэлхэж  урд талд нь зоосон угалзыг урлаж, баруун зүүн талд нь голдоо ногоон чулуун, шигтгээ дарулж захаар нь сувдан хээ гарган чимж, ард талд нь хос баяр үсгийг сувдан хэлхээгээр шигтгэн хаджээ. Богдын төрийн шар ордонд гал түлж байсан бэлэгдлийн тулга тусгаар тогтносон богд хаант Монгол Улсын “гал голомт” гэсэн бэлэгдлийг илэрхийлдэг байжээ.
Ардчилсан хувьсгалын төрийн тэргүүн Монгол Улсын анхны ерөнхийлөгчдөө 1996 онд төрийн ёслолын алба “төрийн сүлд өршөө” төслөөр ёслолын /ямба/ хувцас хийлгэж өгсөн  Үүнд: мандах төрийн малгай,  дэлгэрэх төрийн дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал  хэмээн нэрлэж ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зам морины худрага хазаар хийлгэж өгсөн. Энэ бүхэн Монгол төрийн ёс бэлэгдлийг илэрхийлэхээс гадна Монгол Улсын төрийн их ёсны хүндэтгэл төрөө дээдлэх утга агуулагыг харуулсан хүндэтгэлийн утга учиртай ийм малгай дээл бүс гутлыг дараа дараагийн ерөнхийлөгчид нэг адил хийж өгч хэрэглүүлсэн боловч V дах ерөнхийлөгч уг бэлэгдэл, хүндэтгэлийн хувцаснаас татгалзсан нь өрөвчхөн сэтгэл өр нимгэн, эдийн засагтаа биш төрийн ёс хүндэтгэлийн мэдлэг маруухандаа төр ард олноо басамжилж дураараа загнасных эсвэл түүний мэргэн зөвлөхүүдийн улс төрийн соёл, төрөө хүндлэх ёсны мэдлэг хомсых биз ээ. Ёс ёслол уламжлагдан баяжигдаж байх ч авах гээхийн ухаанаар тунгаан ойлгох ёстой байх.
Төрийн тэргүүн ямба ёслолын хувцастай байх нь монгол улсын төрийн өндөр дээд ёсыг илэрхийлдэг түүхэн ач холбогдолтой маргах аргагүй.Төрийн түшээдэд төрөөс хэргэм зэрэг, дэв олгож байсан нь тэднийг хүндэтгэх хүндлэл үзүүлэх нэгэн ёсыг буй болгосноор төрийн түшээдийг  хүндэтгэх ёс тогтсон  байна . Манжид дагаар орохын өмнө халхад гурван улс буюу аймаг байж тэдний тэргүүн нь “хан” хэмээн нэрлэж байсныг Манжийн хаан монгол ноёдод цол хэргэм олгохдоо хан цолыг хэвээр үлдээж бусад ноёдод олгож байсан үйзэн өлзийт, мэргэн цэцэн дайчин элдэн хошууч, хөндлөн бошигт, цэцэн жонон , түшээт эрх, тайж, дархан, хун тайж зэрэг цол хэргэмийг хүчингүй болгож 1691 онд Энхамгалан хаан  ар монголыг эрхэндээ оруулж аваад Манжийн хааны эрхэм дээд хэргэм гэх Чин ван Жү ван бэйс , улсын түшээ, гүн улсад туслагч гүн цол олгосон түүх байдаг.
Мөн чуулганаар халхын 35 ноёнд цол хэргэм шагнаж гуравхан цолтонг хэвээр үлдээж тэдэнд есөн цагааны алба барьж эрх ашгийг нь хэвээр олгож бусад ноёдод олгох пүнлүү мөнгө, торго шагнаж хүртээхийг дотоод монголын хууль ёсоор болгосугай гэсэн байна. Энэ зарлигаар 34 хүнийг хошуу ноён болгоод Хошой ван 3, Жүн ван 6, Төрийн бойл 3,  Хушууны бээс 4 түшээ гүн 1, засаг 1, туслах гүн 6, тэргүүн зэргийн тайж 6 хүн болсон баримт байдаг. Ноёд бүр ямбаны хувцас нь малгай фүс гутлаараа ялгардаг байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats