Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НОМ МЯЛААХ ҮГ
/Оршилын орон/
Их сарны туяан дор эргэн тойрон саарал хөөг татсан амгалан говийн олон шөнийг, “Хилчин” гэдэг эрхэм сайхан алдраараа бахархавч бас түгшүүртэйхэн өнгөрөөсөн залуу, насны минь эрхэм анд, миний дарга хурандаа Гэндэнгийн Бямбасүрэн ном бичжээ. Ном бүтээхээс эрхэм дээд буян үгүй хэмээн Бурхан багшийн айлдсан нь буй.
Ном номондоо бүр яруу найргийн ном бүтээжээ. Энгийн үгээр хэлэхэд нь сэтгэлийн их хайр  бахархал, баяр гуниг дутуу гараад байх шиг бодогдоход тэр их догдлол сэтгэгдлээ шүлэглэж байж сая санаа амрах ёсон буй. Тэгээд л Бямбасүрэн маань элгэн хайртай төрсөн нутаг, аав ээж, энхрий үрс, эрхэм нөхөд, хил, хилчний тухай, шударга зангийнхаа эрхээр шулуухан хэлчихдэг үгээ шүлэглэж туурвисан байна.
Мэдээж мэргэжлийн яруу найрагчийн түвшинд би үнэлж магтах гээгүй байна. Гэвч түүний шүлгүүдэд авууштай, бодууштай, тод уран санаа, басчиг уншихад хэл түгдрээд байхааргүй аятайхан шүлэглэсэн нь олон байгааг үгүйсгэх аргагүй. Ер хүлэг болгон жороо байдаггүй, шүлэг бүхэн яруу болдоггүй гэж үг бий.
Бямбасүрэн бид хоёр алдарт “Овоотын”-р ангид орос хром шажигнуулсан, олон товч ярайлгасан залуухан офицерууд байлаа. Тэр ангийн улс төрийн орлогч, би клубын дарга тул ажил төрлийн “нягт” холбоотой байлаа. Хиймэл даргын аашгүй, төв шударга, хүнийг сонсож чаддаг, бас хүнд хэлсэн шиг хэлж чаддаг, эрхэм андын түшигтэй эрийн шийр бол манай Бямбасүрэн мөн юм шүү. Ангийнхаа соёл урлагийн гурван хоногийг Улаанбаатарт явуулж алдарт тусгай хорооныхонтой ана мана үзэлцэн, АСК-ийн тэмцээнээр ялж, жүжиг концерт маань амжилттай болж, ГАЗ-66 машинаар шагнуулаад иртэл таван офицероо хил давуулж “алдсан” хэргээр Бямбасүрэнгий маань ЗХУ-д академид явах, миний хотод шилжих хоншоор дундуураа татуулж билээ. Гэвч би хот руу бараг оргож, Бямбасүрэн маань ухаантай, хүлээцтэйгээрээ Овоотдоо алба хашиж үлдээд хоёр жилийн дараа ЗХУ-д улс төрийн академид явж онц төгсөж ирсийм.
Овоотын цагаан шөнө, цэнхэр өдрүүдээс хойш 40 гаруй жил өнгөрөн одсон ч үс минь цагийн луужин цагаан болсон ч үерхэл нөхөрлөл минь огтхон ч цайсангүй улам л хэнзэлсээр буй нь миний андын ухаалагынх бизээ.
Цаг явсаар…Цэнхэрхэн гариг минь эргэсээр…Энэ бүхнийг үл ажиран амьдралын их хөсгийн дунд бидэн дуу шуутайхан л явна даа.
Эрхэм андынхаа сэтгэл, сэтгэгдлийн бэсрэгхэн номын өмнөх үгээ, эртний Грекийн гүн ухаантан, яруу найрагч Платоны /Нристокл/ “Чи амьдралын туршлага суусан бол-Цаг зав чинь урлагт зориулагдана. Харин туршлага суугаагүй болохоор аар саархан тохиолдлууд дунд л өнгөрнө” хэмээсэн мэргэн сургаалаар өндөрлөе.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай!

МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пунцагийн Бадарч. 2009 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats