Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголын хаант төр тэнгэрлиг язгууртай хэмээх нь:
Монголчуудын улс төр, үзэл санааны дотроос хамгийн эртнийх нь хаан төрийн үүсэл, шинж чанарын тухай үзэл юм. Хаадынхаа гарлыг тэнгэр бурханаас гаралтай байсан гэж үздэг мөн хааныхаа төр засгийг ер бусын дээдийн ариун гэгээн гаралтай үздэг энэ үзэл санаа нь эртний Хүн-нү нар хаанаа “тэнгэрээс заяат Шанью” /Мао тун/ хэмээн өргөмжилж байжээ. Энэхүү тэнгэрийн үзэл нь Чингисийн монгол хүртэл тасралтгүй уламжлагдаж ирсэн түүхтэй хэмээн түүх судлаачид үздэг.
Эртний монголчууд төр улсаа анх байгуулсан өдрөөсөө нүүдэлчдийн уламжлалт шүтлэг болох бөө мөргөлийн сургаалаар тодорхойлогдож байсан бөгөөд мөнх буюу хөх тэнгэрийн тахин шүтэх ёс нь бөө мөргөлийн үзэл байсан төдийгүй тухайн хаадын төрийн үзэл суртлыг тодорхойлж байсан гэж болно.
Үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр минь...
Үнэнийг үнэн болгож заяасан тэнгэр минь...
Хамгийн дээд мөнх тэнгэр минь...
Хамаг бүгдийг заяасан тэнгэр минь...
Хөдлөхийн дээд хөх тэнгэр минь...
Хөдлөх бүхнийг заяасан тэнгэр минь...
гэх мэтээр бараг өнөө хүртэл тэнгэрээ магтан шүтэж тахисаар ирсэн.
1240 онд монголд ирж Гүюг хаанд бараалхаж байсан Христийн шашны лам Плано Карпины тэмдэглэлд: Монголчууд...тэнгэрт л биширнэ. Тэр нь аливаа үзэгдэл ба үл үзэгдэх амьтан юмсыг бүтээгч мөн бөгөөд энэ нь ертөнцийн жаргал зовлонгийн эх булаг мөн хэмээн итгэнэ гэсэн байдаг.  
Эртний монгол өвөг дээдэс минь мөнх тэнгэрээ хийсвэрлэсэн сэтгэлгээнийхээ далдын дээд хүчин буюу нэг ёсны бүх амьдралыг буй болгож байдаг хүчитний дээд хүчин гэж бишрэн шүтэж ирсэн билээ.
II тэнгэрээ шүтэх, тэнгэрчлэх үзлийг Чингис хаан монгол туургатныг нэгтгэн их монгол улсыг байгуулах төрийн бодлогынхоо нэг чухал үзэл болгон чадамгай ашиглаж байжээ хэмээн Академич Ш.Бира гуай бичсэн.
Юуны урьд Чингис хаан бөө мөргөлийг монгол төрийн албан ёсны үзэл, төрийн ёс ёслолоо болгон мөргөлийн хэлбэрээр явуулдаг байсан гэж болох юм.
Чингис хаан ч  өөрөө бөөгийн шашныг шүтэх замаар тэнгэртээ байнгад мөргөж түүний хүч энергийг авч, тэнгэрийн хүчээр төрийн эрхэнд гарсан хэмээн өөрийгөө албан ёсоор зөвтгөн итгэж байжээ.
Тэнгэрийг шүтэх ёс үнэхээр монголын эзэнт гүрний улс төрийн суурь, төрийн ёс ёслол болж хувирсныг хаадын бүх албан бичигт хэвшил болсон түүхэн баримт бий. Тухайлбал:
Мөнх тэнгэрийн хүчин дүр /хаганы/ суу залийн ивээл дүр... хэмээх өвөрмөц хэллэг яваандаа нийт эзэнт гүрэн даяар, хятад түвдээс эхлээд перс, төв азийг болон европын улс орон хүртэл түгэн тархасныг бид мэднэ.
Энэ бүхэн нь тэнгэр, хаан хоёр төр улсын эрхийг барих хоёр үндсэн хүчтэй үзэл санаа болж байсан нь тодорхой. Тэнгэрийн мөн чанар нь “Хүчиндээ орших бөгөөд тэнгэр нь өөрийн хүчээр хааныг буюу хаан төрийг дэмжин тэтгэдэг. Энэ утгаараа хааны эрх мэдэл хүч нь тэнгэрийн хүчнээс үүдэлтэй учир хэнээс ч, юунаас ч үл хамаарах хууль зүйн дархан дээд эрхтэй байжээ.” Хаан нь зөвхөн тэнгэрийн таалал зарлигаар л бүхнийг хэрэгжүүлэнэ гэсэн үг.
Ер нь сав шим ертөнцийн болон түүний дээр оршин байгаа амьтай бүхэн зөвхөн тэнгэрийн л зохицуулалтаар явааг бид ч ухаарч ухамсарлах цаг болсон гэж болно. Үүнээс улбаалж хүн амьтан байгалийн бүтээгдэхүүн түүнээс гаралтай гэсэн материаллаг ойлголт нь тэнгэрээс хүн түүний амьдралын бүх үйл ажиллагаа хамааралтай гэдэг бодит үнэнийг гуйвуулсаар байгааг хэзээ өөрчилж чадна тэр үеэс хүмүүн зон тэнгэртээ итгэх итгэл, ойлгох ойлголт жинхэнэ ёсоор тогтож, тэнгэрээ шүтэх мөнхийн их үзэл цэцэглэх болно.
Тэнгэр заяат хүн хаан болох учраас алтан ургийнхан үе дамжин хаан байж мөнх тэнгэрээс заяадаг “суу зали” үгүй хүн хэн ч хаан болж үл чадна гэдэг үзэлд ч олонхи итгэдэг учраас хаан ширээний төлөө тэмцэлдэх ухаан байсангүй гэж болно. Иймд тэнгэрт ганцхан нар байдгийн адилаар газарт ганц хаан эзэн байх ёстой гэдэгт итгэж байсан гэж болно. Эзэн хаан Чингис тэнгэр үзлийг үндэслэгч төдийгүй энэ үзлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулснаар ертөнц дахины хувь заяа монгол хааны гарт байсныг түүх өнөө улам тодруулсаар цаашдаа тэнгэрээ шүтэх үзэл манай гарагийн суурь үзэл, шүтлэг болохыг үгүйсгэх арга байхгүй. Тэнгэризмын  үзлийг сурталчлан хэрэгжүүлэгч нь бөөгийн шашин ч нэгэн адил хөгжин дэлгэрч байгаа нь зүй тогтоолтой гэж болно.
Байгаль дэлхийдээ мөргөж байсан зан үйл мөн тэнгэризмын уламжлалт шүтлэгийг дэлгэрүүлэхэд бурханы шашин бусад улстөрийн урсгалууд нөлөөлж зөвхөн байгаль дэлхийдээ л мөргөж байвал болох юм шиг ойрхон бодлоор зон олныг буруу замаар будаа тээлгэж байгааг ухаарах ёстой.
Нэг үгээр хэлбэл ертөнцийн элдэв үзэгдлийг байгалийн жам ёсны хэмээн тайлбарлаж түүний өмнө хүчин мөхөс яваагаа зүй ёсны гэж ухамсарлан өдгөө хүрсэн.
II-т хүн байгалийн бүтээгдэхүүн гэж тайлбарладаг атлаа түүний гэгээн оюуныг хаанаас улбаатай гэдгийг нотолсон онолгүй яваа нь тэнгэрээ танин мэдэх уламжлалт монгол ухаан мөхөхөд хүргэсэн гэж болно. Энэ бол аюул, мөхөхийн үүдэн.
Монголчууд тэнгэрээс заяатай төрсөний хувьд тэнгэр ба хаадынхаа нэрийн өмнөөс их эзэнт гүрнийг байгуулсандаа итгэлтэй төдийгүй тэнгэрийн эсрэг тэрсэлсэн алив улс түмнийг цээрлүүлэхдээ тэнгэрээс заяасан дархан эрх үүрэгтэй гэх үзэл тогтсон байжээ.
III-т тэнгэрчлэх үзэл ба Чакравардийн үзэл гэдэг нь Монгол их эзэнт гүрний төв хэсэгт уламжлагдаж байсан үзлийг хятадад төвлөрсөн Монголын Юань гүрний хаад ялангуяа Хубилай хааны өвөрмөц бодлоготой шууд холбоотой бөгөөд монгол өвөг эцгийнхээ тэнгэрчилэх үзлийг хэрэгжүүлсэн гэж болно.
Энэ утгаараа Хубилай хаан их хаадын дотроос их гүрнийг засан тохинуулах үйл ажиллагаандаа тэнгэрлэг үзлийг авч хэрэглэсэн гайхалтай суу зали төгөлдөр агуу их космополит хаан байжээ. Хубилай хаан монголын их эзэнт гүрнийг 35 жил удирдсан хугацаанд тэнгиризм оргилдоо хүрсэн төдийгүй түүний нэр хүнд ч өсч дорно өрний харилцаа их идэвхижсэн гэж түүхчид үздэг нь тэнгэрийн дорхи бүхнийг тэнгэрчилж чадсанаар тайлбарлагдаж болно.
Тэнгэрчлэх үзэл Хубилай хаанд олон үндэстэн угсаатнаас бүрдсэн эзэнт гүрнийг захирахад үзэл суртлын хэрэгсэл нь болсон гээд бодохоор тэнгэризмын үзэл ямар аугаа хүчтэй байсныг гэрчилдэг юм.
Хубилай хаан тэнгэрийн үзлийг тухайн цагийнхаа хөгжихүй соёлын ололтоор баяжуулж хэрэглэсэн болох нь харагддаг. Тухайлбал: Буддагын шашныг түлхүү сонирхон Марко Полотой уулзаж ярилцахдаа: буддагын шашны үзэл бодлынхоо талаар санал солилцож тэнгэрт хамгийн аугаа их илүү үнэнч нь хэн байна түүнд намайг болгоож хайрлаарай гэсэн байдаг. Мөн тэр үед байсан буддагийн олон урсгалаас Түвдийн Саж хийдийн номлолыг баримталж уг хийдийн алдарт хамба Гунгаа жалцаны төрсөн дүүгийн ахмад хөвгүүн Пагва лам Лодонжалцантай /1235-1280/ нөхөрлөж уг шашинд орсон бөгөөд Пагва ламаас 2-3 удаа абшиг хүртэж Пагва ламд улсын багш, хааны багш зэрэг цол /1260, 1270/ олгож байсан нэн хүндэтгэлтэй дотно харилцааны үр дүн нь зөвхөн шашин шүтлэгийн асуудал ч бус монголын эзэнт гүрний их хааныг ертөнц дахины шашин буддагийн үзэл онолоор Бурханчлан тахин шүтэх улс төрийн зорилго байсан гэж болно.
Монголын их эзэнт гүрний хааны бурханлаг дүрийг бүтээхэд нууц тарний абшигийн утга учир байсан төдийгүй тэнгэризмын уламжлалт үзлийн ид шидийг онолын хувьд баталгаажуулан олон түмний сүжиг бишрэл болгоход эзэнт гүрний чухал бодлого болж хэрэгжсэн гэдэг.
Академич Ш.Бира бичихдээ: 1270 онд Хубилай хаан Пагва ламын зөвлөснөөр Жүн-дү нийслэл дэх хааны ордны хаан ширээн дээр цагаан шүхэртэй охины сахиусын цагаан шүхрийг мандуулан залжээ. Цагаан шүхэр дээр зуурмаг алтаар санскрит үсгүүдийг дараалан бичжээ. Энэ нь бурхан шашны үүднээс үзвэл шашны ёсны их охин сахиус цагаан шүхэртэй хэмээгч монголын их эзэнт гүрний хаан төрийг сахин хамгаалахын билэгдлийг илэрхийлсэн утга төгөлдөр үйл явдал ажээ.
Арван цагаан буян, энх амгаланг бэлэгдсэн цагаан шүхэр нь нэг ёсондоо эртний монголчуудын цагаан сүлдийг орлон хааны ордонд мандах болсон нь монголчуудын тэнгэрийн үзэлд гарсан нэг шинэчлэл төрийн их ёслол байсан гэж болно. Пагва лам монголын уламжлалт тэнгэрийн үзлийг шинэчлэн өөрчилж, монголын эзэнт гүрний ертөнц дахины шинж чанарыг Буддагийн сургаалын үүднээс үндэслэн зөвтгөсөн нь түүний онцгой гавьяа гэж үздэг байна.
IY-т тэнгэрийн үзэл, онол сургаалын хөгжлийн шинэ бөгөөд онцлог үе нь эзэн Чингисийг Чакравардийн хаан, түүний ач хүү Хубилайг Бодхисаттватай адилтгаж үзэх үзлийг гаргаж ирсэн явдал юм. Улсын багш Пагва лам ийнхүү Чингис, Хубилай нарыг буддагийн шашны эрхэмлэн тахидаг домогт их хаадын цол хэргэмээр анх өргөмжилсөн нь Буддагийн шашин, улс төрийн үзэл онол монголчуудын дотор үүсч дэлгэрхийн эх сурвалж тэнгэрээ бурханчлан шүтэх арга шинэ хэлбэрийн үүсэл болсон. Тэнгэрчлэх үзэл буддагийн шашинтай тэрсэлсэнгүй харин ч эвлэрэн зохицоход хүрсэн нь сонирхолтой юм. Төр шашин хоёрын зүтгэлтэн /Пагва, Хубилай/ хоёрын гавьяа, сүү зали үүнд орших бөгөөд буддагийн шашныг ертөнц дахинаа түгээх тэнгиризмын үзлийг дээдлэх явдал хүчтэй болж өрнөсөн байна. Энэхүү үйл ажиллагаа нь төрийн удирдлагын хос ёсны анхны үүсэл болж хүн төрлөхтнийг сэтгэлийн зовлон ба ертөнцийн зовлон хэмээх хоёр төрлийн зовлонг туулах нэг ёсны танин мэдэхүйн ач холбогдлыг өгсөн гэж болно. Хаан хүн бол дээрх хосмолыг тэгш явуулж чадсан нөхцөлд эзэнт гүрэн энх амгалан оршин тогтнож, улс иргэд сэтгэлийн зовлонгүй байх ажээ. Энэ нь төрт ёсны чухал элемент болж олон зууны өнгөрсөн боловч тэнгэрээ дээдлэн шүтэх үзэх үзэл, Манж Чин улсын зүгээс явуулсан бурхан шашны нэг урсгал шарын шашны өрөөсгөл бодлогын гайгаар тэнгэрээ шүтэн дээдлэх үзэл устах эхлэл тавигдаж ХIХ, ХХ зууны Марксист Ленинист үзлийн явуулганд устаж үгүй болсон байна. Мөн тэнгэрээ шүтэх үзэл, тэнгэризмын сургаалыг хүнээс айл гэрт, улсын хэмжээнд мөрддөг бичмэл онол сургаал гараагүй учраас мартагдах нэг үндэс болсон.
Хубилай хааны үед эзэн Чингисийн тэнгэрчлэх үзэл буддагийн шашны төрийн сургаалийн хүчтэй нөлөөнд орж, шинэ үзэл, шүтлэг бишрэлээр сэлбэгдэж ирсэн нь сөрөг биш эерэг нөлөө өгснийг тэмдэглэх хэрэгтэй. Нүүдэлчин гаралтай тэнгэрээс заяагдсан тэнгэрлэг үндэстэн монголын олон аймгууд өөрийгөө захирч сураагүй ч тэнгэрлэг үзлээ шүтэн биширч ганцхан түүндээ л ямагт захирагдсаар ирсэн нь монгол хүний генд сууж, цусанд нь нутагшсан заяаных нь үзэл юм.
Аливаа нийгмийг захирагч, толгойлогч бүхэн өөрийн бурханыг зохиож, түүндээ итгүүлэхийг чармайдагийг түүх гэрчилнэ. Төр гэдэг бурханаа ардчилал гэдэг бурханаар солиод бүх юм өөр болсон. Зах зээлийн зарчмаар бүх юм ил тод чөлөөтэй болгосон гэсэн ч монгол түмэнд тэнгэрээ шүтэн бишрэх, тахих сэтгэлгээ хадгалагдсаар цагаа болохоор цагаан цааснаас хар бэх тодордогийн жишээгээр гарч ирэх  цаг орон зай бий гэдэгт итгэх сэтгэл зүй хэзээ ч унтрахгүй билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats