Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Баярлалаа” гэдэг үг
“Баярлалаа” гэдэг үгийг хэлэх нь урам, дэм, сэтгэл зассан хамгийн энгийн хэлбэр. Энэ үггүйгээр бид бүдүүлэг харгис машин л гэсэн үг. Үйлчлэгчийнхээ үйл ажиллагааг заавал магтсан үгээр урам хайрлаж байх хэрэгтэй. Ингэхдээ хоёулаа байхдаа бус бусдын дэргэд магтаалынхаа үгээр шагнавал маш их баярлаж, сэтгэлээсээ хариу талархал хэлдэг. Магтаалын  үг ёжолсон байж таарахгүй. “Өнөөдөр та ямар сайхан харагдаж байна вэ?” гэх нь урьд нь тааруу байсан гэж доромжилсон утгатай болж эвгүй сэтгэгдэл төрүүлдөг.
Дэлхийн баячуудын арга ухааны нууц нь талархал дээр тогтдог. АНУ-ын үе залгамжилсан тэрбумтан Рокфеллерийнхэн удмаараа аргагүй л эзний заяанд төрсөн гэмээр атаархмаар бүтээлч сэтгэлгээтэй бас шоргоолж шиг уйгагүй ажилсаг хүмүүс гэдгийг бид сонсч байсан. Өвгөн Рокфеллер: “Өрсөлдөөний нийгэмд өрөөсөн хөлөө хавханд алдсан доголон чоно шиг хэрсүү хөдөлж аливаа юмны цаг, эгзэгийг олж хөдлөн хүний хэрэгцээг шуурхай хангаж чадвал хэрийн ургамал, талын цэцэг, уулын билүү чулуу ч эзнээ баяжуулдаг юм шүү” хэмээн хойч үедээ сургамжилжээ. Рокфеллерийнхэн /сайн эм ховор байсан цагт/ “Эмийн ургамал аваарай” хэмээн зарлах дуунаар хүмүүс гэрээсээ гарч дараалан зогсоно. Хөөрхөн нүдээрээ инээмсэглэн янз бүрийн эмийн ургамал зарагч тэд эелдэгхэн тайлбарлаж өөриймсөг шуурхай хөдлөн асуултанд гайхалтай оновчтой хариулан захиалга авдаг. Тэр нь тухайн үеийн хот суурингийнханд нэн таалагдсан байна. Явуулын энэ хосуудын эмийн сан тэр үедээ цагаа олсон хосгүй ашигтай бизнес байжээ.
Хүмүүс идэж уух, өмсөж зүүх биологийн хэрэглээ, бие эрхтэн нь адил байдаг нь дэлхийчлэлд бие биеэ татан оруулах, үндэстэн үндэстнээ зочлох, үйлчлэх эцсийн зорилгод нэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Зөвхөн Монгол заншил, цус удмаа хадгалах тухай асуудал дэлхийчлэлийн нөлөөгөөр шахагдаж байгаад эмзэглэн эргэлзэх нь түгээмэл соёлоос өөрийгөө хөндийрүүлэх явуургүй арга юм.
Жижиг атлаа үйлчилгээний салбар бизнест багагүй хохирол учруулж байгаа зүйл бол үйлчлэх үүрэг хүлээсэн хүмүүсийн баясал, хүнийг хүндэтгэх, ур ухаан дутуу байгаа явдал юм. Гаднаас нь харвал электроник, супермаркет, топ мебель гэх ганган том хаягтай дэлгүүрээр ороход худалдагч, үйлчлэгч нар нь хүн орж ирж байна, бараагаа сурталчилъя, түүнд үйлчилье гэсэн чин санаа байдаггүйн дээр амандаа резин хэвж, үл тоосон байдлаар басамжилан, Би л хөрөнгийн эзэн гэсэн дүрд хувирсан хямсгар, авгай, өвгөд, ганган хүүхнүүд байгаа нь бизнесийн ур ухаанд суралцаагүйн шинж юм.
Хөгжилтэй орны үйлчилгээний хүмүүс зочин гийчнийхээ нүд туссан бараа бүхэн дээр хүрч “Танд юугаар туслах вэ?” гэсэн үг хэлж, хүссэн бараа материалыг нь хэдэн янзаар нь үзүүлж тайлбарлаж авахгүй гарах аргагүй болгодог шүү дээ. Ёстой л “Хэрэглэгч хаан” орж ирсэн мэт л үйлчилдэг. Иймэрхүү арга, соёл, ур ухаанд суралцахгүй байгаа нь үйлчилгээний газруудын болхи ажиллагааг дархалсаар байгаа хэрэг. Үйлчилгээний наад захын дэг жаяг мэдэхгүй байгаа нь харилцагчдыг үргээгээд зогсохгүй “Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм байхгүй” гэсэн Бернар Фонтенелийн үгийг өөртөө зориулж хуулж аваасай гэж хэлмээр санагддаг.
Хүний бүх харилцаа үйлчлэгч дээр суурилсан байдаг. Ялангуяа нийтийн үйлчилгээний байгууллага, хүмүүсийн хамгийн гол зүйл бол үйлчлүүлэгч хэн байхаас үл шалтгаалан тэр хүнд үнэн сэтгэлээсээ хандсан үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Хүний сэтгэл харцаар, үгээр, үйл ажиллагаагаар илэрдэг. Үйлчлүүлэхээр ирсэн зочиндоо сайхан сэтгэлээ харамлаж болохгүй. Сэтгэлээсээ үйлчлэх чанараа харамласан бол өгсөн зүйлээ харамлаж, харамсаж байж л өглөө гэсэн үгтэй утга нэг. Үнэн сэтгэлээсээ хүнд хандаж үйлчилнэ гэдэг бол амтгүй хоолыг амт оруулж, алжааж ядарсан, нервтэж уурласан, сэтгэл санааны хувьд хямралтай хүнийг эрүүлжүүлж чаддаг ид идтэй байдаг. Хүмүүст уурлаж арван үг  хэлснээс инээмсэглэж үнэн сэтгэлээсээ ганц үг хэлэхэд л үйлчлүүлэгчийн зан харилцаа нь 180 хэм эргэж үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёрын хооронд эелдэг харилцаа үүсч үйлчлэгчид ашигтай, үйлчлүүлэгчид ойлгомжтой болдог. Сэтгэл сайхантай хүн сайхан ааштай байдаг. Өдгөө цагийн ороо бусгаа үед хүмүүс эд материалын тэмүүллээс амар амгаланг олж чадахгүй. Сэтгэлийн амгалангаас л төгс амьдарлын гэрэл гэгээг олж үздэг. Сэтгэлээ ариусган захирч чадсан хүн өөрийнхөө муу зан зуршил бүхнээ ялж, энэрэхүй, асрахуй, өршөөхүй гэсэн сэтгэлийн аугаа их бяр суудаг юм. Ийнхүү үйлчлэгч нь өөрөө хүнд чин сэтгэл гаргаж үйлчилсэн бол үйлчлүүлсэн хүн сэтгэл хангалуун байх төдийгүй дахин танаар үйлчлүүлэх хүслээ илэрхийлж, баярласан, талархсан үгээ танд зориулахдаа харамсдаггүй, буяны хариутай байдаг.
“Хүн хүнээс өөртөө хандсан халамжтай харилцааг л хүсч байдаг. Зөвхөн хүндэтгэлээр л хамтын ажиллагааг худалдан авч болно. Өөрөөр хичнээн их мөнгөөр ч түүнийг худалдаж авч чадахгүй” гэж хүний харилцааг судлаач нэгэн хэлсэн бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats