Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Инээдийн төрөл, утгын илэрхийлэл
Инээх нь эвшээхтэй ижил эд эсийн түр зуурын ханамж бүхий түгээмэл санамж юм. Инээдийг инээвхийлэл, инээмсэглэл, инээдэм гэсэн 3 зэргээр тодорхойлж болох ба дотроо доромж, өрөмж, сэрэмж, сургамж гэх мэт олон агуулгатай байдаг юм байна. Ингэхэд ер нь инээд гэж юу вэ? Инээдийг 5 янзаар илэрхийлж болно.
1.    “У” маягийн буюу ху, ху, ху: Энд инээд гэхэр юм юу ч алга. Зөвхөн загвар төдийн зүйл. Чухамдаа өөрийн сэтгэлийн түгшүүрийг нуун далдлах гэсэн оролдлого. Иймэрхүү инээдтэй хүмүүс ихэнхдээ аймхай, айн нэрэлхсэн үедээ нуг, нуг хийж муухай мушийн инээдэг.
2.    “О” маягийн буюу Хо, хо, хо: Энэ нь биеэ барьж чаддаггүй хүний инээд. Эсвэл эсэргүүцэн дарангуйлж, даапаалсан инээд байж болно. Өөртөө итгэлтэй хүний бардамнасан онгирсон, айлгасан янзын инээд шүүмжилж гайхсан маягтай сонсогддог. Тэгээд ч бусдад үл итгэсэн ихэмсэг байдал ажиглагддаг.
3.    “И” маягийн буюу Хи, хи, хи: Зэвүүн инээд, муу юм хийчихээд түүнийгээ нууцлаг буюу зальжин болгож өрөөл бусдыг өдсөн янзтай байна. Ямар нэг юм бодож олчихоод дотроо шоолон инээж буй хэлбэр, Мөн үл тоомсорлож тохуурхасан байдлыг илэрхийлдэг.
4.    “Э” маягийн буюу Хэ, хэ, хэ: Энэ нь бусдад нэг их таалагдаад байх инээд биш. Ердөө л инээд төдий зүйл. Ялангуяа долигонуур хүний даргаа дагаж инээх хэлбэр, аль эсвэл атаархсан жөтөөрхсөн хүний жүжиглэл. Иймэрхүү инээдтэй хүмүүс хуурамч байдаг. Инээднээс нь “Э” их илрээд байвал үзэн ядалт, хорсол зэвүүцэл нь лавшраад байгаагийн дохио.
5.    “А” маягийн буюу Ха, ха, ха: За тэр, жинхэнэ инээд гэдэг чинь энэ. Зүрх сэтгэлээсээ гаргасан задгай инээд, Илэн далангуй, итгэлтэй хүний орчиндоо дасан зохицсон байдал бөгөөд амаа том ангайн хангалуун инээх жинхэнэ баяр баясгалан төдийгүй бахдал бахархал нь багтаж ядсан инээд юм. Эмэгтэйчүүд энэ маягаар илүү сайн инээж чаддаг гэсэн судалгаа байдаг.
Хүмүүн төрөлхтөн ганцхан инээмсэглэх хэлээр бие биенээ төгс төгөлдөр ойлгож чадна. Баяр хөөр, дуу, нулимс, гуниг уйтгар, хайр дурлал, үзэн ядалт ... хүний сэтгэлийн энэ олон өнгө аяс, эгшиг аялгууг ганцхан хэлээр л “орчуулж” болдог. Хамгийн гайхамшигтай нь энэ хэлийг сурах гэж цагаан толгой цээжлэх хэрэггүй. Тийм болохоор хар, шар, цагаан, улаан арьстан хэн ч байсан энэ хэлээр түгдрэлгүй “ярьж” чадах бөлгөө. Энэ хэл хүн төрөлхтний анхны, бас сүүлчийн хэл байх бизээ. Эрт балар цагийн бүдүүлэг хүн төрөлтнүүд хэл авиагаар мэдээлэл, дохио дамжуулах тухай зүүдлээ ч үгүй байсан үедээ л энэ хэлээр анх ярилцжээ.
    Ангийн олзондоо урамшин баярласандаа эсвэл аймшигт араатнаас амь зулбан эсэн мэнд агуйдаа ирээд зэрлэг бүдүүлэг хүй нэгдлийн үеийн арьсан нөмрөгтэй тэр л хүмүүс түүдэг галынхаа дэлгэд дэвхцэн бүжиглэж байхдаа энэ гайхамшигт хэлийг нээжээ.
Харамсалтай нь энэ “Нээлт” хүн төрөлхтний түүхэн дэх хосгүй гайхамшигтай, үнэ цэнэтэй нээлтүүдийн жагсаалтанд даанч бичигдсэнгүй. Гэвч зохиогчгүй, цагаан толгойгүй энэ хэлээр өнөөдөр дэлхийн бөмбөрцөгийн зургаан тэрбум гаруй хүн ярилцаж байна.
Зохиогч гэснээс хэзээ нэгэн цагт хүн төрөлхтний энэ гайхамшигт хэлийг хэн анх зохиосон тухай маргаан дэгдэж гэмээнэ түүнийг бурхан зохиосон гэдэгт би эргэлзээгүй итгэнэ. Гэхдээ иймэрхүү зохиогчийн эрхийн маргаан хэзээ ч гарахгүй гэдэгт бүр ч илүү итгэнэм.
    Бурхан бидэнд мөнх бус амьдрал, мөхөж үгүй болох биеийг заяасан атлаа мөнхийн хэл, мөнхийн баялгийг хайрлажээ.Гагцхүү хар цагаан сүлэлдсэн их түүхийн уртад хүн хэмээх энэ гайхамшигт бодгалиас нэгэн хосгүй баялагийг нь хэн ч булааж дээрэмдэж, гутаан доромжилж болдоггүй тэр баялаг нь хүний жинхэнэ хүн байхынх нь утга учир болжээ.
Хүн энэ баялгийг бие биедээ харамгүй түгээж, аль болох олон хүнд түүнээ бэлэглэснээр өөрөө улам агуу болж төгөлдөржиж байв.
Тэрхүү баялгийн наран лугаа илч гэрэл нь хүний сэтгэлд гэгээрэл ариуслын их амгаланг олгох бөлгөө. Тиймээс наран мэт мөнхийн залуу, мөнхийн гоо сайхныг бэлэглэгч гайхамшигийн хэл инээмсэглэлийг хүн бүхэнд түгээхийг хүснэм.
Инээмсэглэж байгаа хүнд уур хилэн, шунал, тачаал, хорон санаа аль аль нь үгүй гэдэгт итгэнэм.
Чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаа хүний царайнаас би бурханы дүрийг олж хардаг. Бурхан гэгч хүний сэтгэлд оршдог гэдэг. Тэгвэл сэтгэлд орших тэр бурханы хэл нь инээмсэглэл гэж үзэх нь бий.  
Хүмүүсээ!  Амьд дээрээ бие биенээ инээд баяслаар шагнаж явах эрх, хүнлэг чанараа хадгалж, инээд баяслаа харилцагчдаа зориулах ёс ёслолын инээд баяслын үргэлжлэл нь талархал.
Сэтгэл нь сайхан хүн сайхан ааш зантай бөгөөд ямар ч хүнтэй уулзахдаа мэндчилдэг, салж явахдаа амжилт, сайн сайханыг хүсч ерөөдөг. Мэндчилгээний олон төрлийг зөв аялгаар хэрэглэж, хэлж сурсан байх ёстой.
Мэндчилгээ бол хүндлэл мөн. Ахмад настан эмэгтэй хүн, өндөр албан тушаалтантай уулзсан үедээ эхэлж мэндлэх ёстой. Хэрэв тэд гар барих буюу золгох гээгүй бол өөрөө гар барьж золгох ёсгүй. Монгол зан ёсоо бодож үйлчилгээний газар ажиллагч хэн ч байсан үйлчлүүлэгчтэй эхэлж мэндлэх үүрэгтэй.
Хүндлэлээс хүний амьдрал уйддаггүй харин ч хүндэтгэлээр дутагдаж явах нь илүүтэй байдаг. Хүнээр хүндлүүлснийхээ төлөө хүнд их тус хүргэх ёстойг ойлгосон хүн л хүндэтгэлийг амьдралд “Мөнхөлж” чаддаг. Хүндэтгэл нь эзнийхээ хэн гэдгийг илчлэх зан үйлийн хэмжүүр болдог. Бусдыг хүндэтгэдэггүй хүн найз нөхрийнхөө зүрх сэтгэлийн ертөнцөд хүрэх замыг хэзээ ч олдоггүй. Ямагт тойрч хүнээс дөлж ганцаардмал ихэмсэг занд дассан байдаг.
Өнөө үед үйлчилгээ эрхэлж байгаа хэн бүхэн Швейцарийн их сэтгэгч И.Лафатерийн “Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуу, анхааралтай сонсч, тайван хариулж, хэлэх юмгүй үедээ эелдгээр инээмсэглэж яриагаа тасалж сур” хэмээснийг санахад илүүдэхгүй. Япон улсын үйлчлэгчдийн эелдэг зан харилцааны талаар нэг баримт дурдая. Нэгэн хотын ресторанд сууж байсан сэтгүүлчийн өмдөн дээр зөөгч бүсгүй авч явсан хоолноосоо дусааж орхижээ. Бүсгүй ч хэдэнтээ бөхийж уучлал гуйж, бөхөлзөн байж дор нь цэвэрлээд өгчээ. Гэсэн ч сэтгүүлчийг хоолоо идэж, мөнгөө төлөөд гарахад нь рестораны бүх үйлчлэгч нар жирийтэл зэрэгцэн зогсч, найзынхаа өмнөөс нэгэн зэрэг уйчлал гуйв. Зохион байгуулагч нь түүнийг машин хүртэл гарган өгч дахин бөхийн ёсолж, гэрийн хаяг, нэрийн хуудсаа өгөхийг хүсчээ. Орой нь Зохион байгуулагч, хоёр Менежерийн хамт дахин уучлалт гуйж улаан туузаар ороосон гоёмсог хүүхэлдэй дурсгажээ.
Талархал илэрхийлэх олон арга байдаг. Европын орнуудад баярлаж талархахдаа тэвэрч  үнсэх, архи дарс тулгаж уух зэргээр голлон илэрхийлдэг. Азийн зарим орнуудад толгойгоо бөхийлгөж, зарим улсад хүндэтгэсэн хүнийхээ өвдөгнөөс дор сөгдөж залбиран талархал илэрхийлдэг. Монголчууд бол баярласнаа илэрхийлэхдээ уран цэцэн үг хэлэх, хүндэт зочноо заавал гаднаа угтаж, үдэхдээ унаа моринд нь мордуулж өгч сүүгээ араас нь өргөдөг сайхан заншилтай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats