Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сэтгэлийн жаргал гэж юу вэ?
Зан заншлийн эрхэм сайхан чанар болсон сэтгэлийн жаргал, инээд баясал “Жаргал” гэсэн асуудлаар товчхон өгүүлье. Сэтгэлийн жаргал, сэтгэл гэдэгт эдүгээ хүртэл хэн ч хариулж, тодорхойлолт өгөөгүй байгаа нь хүний сэтгэл судлагдаагүй, судлах аргагүй олон янз байгаагаараа нууцаа хадгалсаар байна. Хүн бүрэн сэтгэж, нууцыг мэдэж чадах юм бол бүтэхгүй ажил асуудал, бүтэлгүйтдэг элдэв хохирол даан ч байхгүй болно. Дэлхийн 6 тэрбум хүн бүр өөр өөр бодол сонирхолтой гэдгээс үзвэл сэтгэл хаана оршдог, юу болох, хэд хичнээн төрөл байдгийг судлахын оронд бие биенийхээ сэтгэлийг үл таниж мэдсэнээрээ алдаж, эндсэнээс болж дэлхийн дайн, гэр бүлийн салалт, алиаваа гэрээ хэлцэл бүтэлгүйтэж, энэ бүхний хохирлыг хүн, хүмүүс бие сэтгэлээрээ амталдагын хор уршгийг судалж мэдэхийн төлөө ямарч нээлтийг эрдэмтэд ажиллаагүй хийгээгүй байгаа нь хүний сэтгэл судлал цаашдаа ч хөлдүү хэвээр л байна гэсэн үг. Хүний сэтгэлийг ойлгох техник, тоног төхөөрөмж ч бүтээх аргагүй. Гэхдээ Монгол түмэн хүний сэтгэлийг шинжлэх их туршилгыг бүтээсэн гэж болно.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх үед хамгийн түрүүнд зүрх бүрэлдэн буй болдог юм гэсэн. Монголчууд зүрх сэтгэл, элэг зүрх гэж ярьдаг. Тэгэхээр сэтгэл гэдэг зүрхэнд оршдог болов уу? Гэхдээ сэтгэл бол өнгөгүй, үнэргүй, хатуу бус зүйл. Гадаад ертөнцийг шууд тусгаж байдаг толь мэт зүйл. Хүнд эхлээд хайрлах сэтгэл төрдөг. Ээжийгээ хайрладаггүй хүн энэ ертөнцөд үгүй байх. Дараа нь нөгөөх сүү шиг цагаан сэтгэлтэй нялх хүүхэд аажмаар том болохдоо ертөнцийн муу юмсыг харж, ойлгож, сэтгэл нь аажмаар харлаж эхэлдэг.
Дээр үед бараг 12 нас хүртлээ цэвэр ариун сүү шиг цагаан сэтгэлтэй хэвээр байдаг байсан бол орчин үеийн хүүхэд бараг 5, 6 нас хүрээд сэтгэл нь аажмаар харлаж эхэлдэг болсон ч байж мэднэ.
Сэтгэл бол хүний ертөнцийн шууд тусгал юм. Сэтгэлд мөнх тэнгэр, ертөнцийг багтаадаг. Хүний сэтгэл бол агуу их юм. Сэтгэл бол хязгааргүй. Сэтгэл бүхнийг санаж байдаг. Сэтгэл бол далайн давалгаа мэт долгилж, зүрх мэт лугшиж байдаг. Далай мэт давалгаалж байдаг бие биенийхээ сэтгэлийг жолоодох урлагийг хүн төрөлхтөн нээгээгүй байна. Яагаад гэвэл хүний биеийг эх эцэг төрүүлдэг, сэтгэлийг өөрөө буй болгодог. Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэсэн мэргэн зүйр үг хэлдэг. Тэгэхээр хүнд зөв сэтгэл орших гэдэг юунаас ч чухал, сайхан сэтгэл оршино гэдэг хамгаас нандин зүйл. Хүн сэтгэлдээ Сугавадийн орон шиг, төрөхдөө бадамлянхуа цэцгийн навчнаас хувцас сэлтийн хамт төрж, Авид бурхны номын дууг насан турш сонсож, мөнхийн 18 настай дүрээр хөгшрөхгүй оршиж, үхэхдээ цогцосоо үлдээдэггүй, тийм сайхан диваажинг ч бүтээж чадна, Чойжид дагинын тужид өгүүлсэн шиг аймшигт тамын орныг ч бүтээж чадна.
Сэтгэл бол хүний дотоод ертөнц. Танд ямар сэтгэлтэй хүн таалагддаг вэ? Мэдээж сайхан сэтгэлтэй хүн таалагддаг. Сайхан сэтгэлтэй хүн үү?, муухай сэтгэлтэй хүн үү? Гэдгийг яаж мэдэх вэ? Нүдээр нь мэдэж болно. Хүний нүд тухайн хүний сэтгэлийн толь байдаг. Сайхан сэтгэлтэй хүний нүд нь тогтуун, дөлгөөн тайван, үргэлж нэг хэвийн урсгал зөөлөн, инээмсэглэсэн, гэрэл цацарсан байдаг. Муухай сэтгэлтэй хүний нүд нь тогтворгүй, ширүүн, харгис, мөсөн далайн салхи мэт үргэлж дотор нь хүйт оргиулж байдаг. Ямар сэтгэлтэй хүн бэ? гэдгийг үгээр нь, үйл хөдлөлөөр нь мэдэж болно. Сайхан сэтгэлтэй хүний үг нь үнэн, мөр нь цагаан байдаг. Муухай сэтгэлтэй хүний үг нь худал, мөр нь хар байдаг. Гаднаа сайхан царай зүстэй, үг нь гоё байж болно. Гэтэл эцсийн дүнд сэтгэл нь муухай тул үйл нь нүгэл болдог. “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус” гэж Монголчууд хэлдэг. Сэтгэл сэтгэлийн дотроос энэрэнгүй, асрахуй, өршөөхүйн сэтгэл хамгийн агуу нь юм. Хүнийг өршөөж чаддаггүй, уучилж чаддаггүй хүн эцэсдээ араа шүдээ хавирсан араатан болж хувирдаг. Хүнийг өршөөдөг, уучилдаг, энэрдэг, асардаг, тусалдаг хүн эцэсдээ бурхан болдог. Хэзээ ч хэнд ч гомддоггүй, хэнийг ч үзэн яддаггүй, хэнд ч атаархадаггүй, юунд ч, хэнд ч шунахайрдаггүй сэтгэл бол агуу их ариуссан сэтгэл юм. Ийм сэтгэл л энэрэл хайраар бялхаж байдаг. Сэтгэлээ шинжиж сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслийг олж, дарж чаддаг хүн бол агуу хүн юм. Сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслээс болж сэтгэл нь шуналын түймэрт автагдсан хүн бол сэтгэлийн өвчтэй хүн мөн. Сайн эх, эцэг өөрийн хүүхдийнхээ сайхан сэтгэлийн эхлэлийг тавьдаг. Тэр зөв эхлэлийг хүүхэд нь цааш нь зөв өрөөд сайхан сэтгэлийн бат бэх өргөө сүндэрлүүлэх нь үү, эсвэл нураах нь уу гэдэг тухайн хүнээс өөрөөс нь шууд шалтгаална. Хүн сэтгэлээ гэрэл гэгээтэй байлгаж бусдыг дулаацуулдаг байх хэрэгтэй. Энэтхэгийн нэгэн мэргэн хүн айлдахдаа “Бурхан эрт урьдын цагт хүмүүст маш их тус хүргэдэг байжээ. Өглөө эрт ир гэхэд нь бурхан өглөө эрт ирээд тусалдаг байжээ. Гэтэл хүн үргэлж гомдоллоод байдаг байж. Нар гарч халуун өдөр болбол яасан их халуун нартай өдөр вэ, бороо орж сэрүүн болбол яасан их бороотой хүйтэн өдөр вэ, бурханыг өглөө эрт ирвэл яасан эрт ирдэг юм бэ, оройтож ирвэл эрт ирэхгүй яасан юм бэ? заримдаа ирсэнгүй гээд, заримдаа байн байн ирээд байх нь яршигтай юм гээд үргэлж үглэж, улиглаад байдаг байжээ. Бурхан хүний энэ их гомдол үглэлийг үл хайхран урьдын адил хүнд тусалсаар байж гэнэ. Гэтэл хүний үглэж, гомдоллох нь улам бүр ихсэж гэнэ. Бурханы энэ байдлыг харсан нэгэн мэргэн хүн бурхантай уулзаад “Бурхан та хүний зүрхэнд ороод нуугд, таныг тэд хэзээ ч дахин олохгүй” гэж зөвлөж гэнэ. Үүнээс хойш хүмүүс зүрхэндээ нуугдсан бурхны гэрэл гэгээг олж үзэхгүй болоод зөвхөн энд тэнд үсчин явдаг,  жолоодохын аргагүй хөнгөн сэтгэлийнхээ боол нь болжээ. Хүмүүс минь өөрсдийнхөө хаалттай зүрхээ нээ, эргэн тойрон орших хүн, амьтан, цэцэг ургамлыг хүртэл энэрэхүй хайрын нүдээр хар” хэмээжээ.
Хүний хамгийн их хямгадаж, хайрлаж, цэвэрлэж, ариусгаж байх зүйл юу вэ? гэвэл хүний бие, хүний нүүр царай, хувцас хунар, байгаль орчин гэж хариулж болох юм. Гэвч энэ бол тийм биш. Хүний хамгийн их хайрлаж хямгадаж муу бүгдээс цэвэрлэж, ариусгаж байдаг зүйл бол хүний сэтгэл юм. Орчин үеийн хүн “Нүүр царай минь сайхан байна уу?” гэж өдөр бүр тольдож элдэв тос, пудр түрхэж зөвхөн гаднах царайгаа хайрлаж хямгаддаг боловч “Сэтгэл минь ямар байна вэ?, Сэтгэлд минь муу юм орчихсон биш биз?” хэмээн сэтгэлээ төдийлөн хямгадаж шинждэггүй. Орчин үеийн хүн орой бүр шүршүүрт орж биеэ савантай халуун усаар угаагаад байдаг болохоос биш, сэтгэлээ өдөр бүр ариусгаж чаддаггүй. Тийм ч учраас Монголчууд “Царайны сайхнаар цай сүлэх биш” гэж ярьдаг. Хүн сэтгэлдээ ертөнцийг багтаадаг байх хэрэгтэй. Сэтгэл нь хөмөрсөн тогоо мэт харанхуй хүн бол нүдтэй ч гэсэн сохортой адил юм. Харин нүд нь сохор ч гэсэн сэтгэл нь агуу их гэрэл гэгээтэй хүн энэ ертөнцөд цөөнгүй байдаг. Сохор, дүлий хүн ч гэсэн сэтгэлийг ойлгодог. Орчин үеийн ертөнц бол хүний сэтгэлийг үргэлж үймүүлж буруу тийш нь чангааж байдаг. Бурхан багш хүний сэтгэлийн доторхи хамгийн аюултай зүйлийг олж сургаалаа айлдахдаа: Хүний зовлонд хоёр шалтгаан байдаг бөгөөд энэ нь үйлийн үр ба мунхаглал юм. Хүний сэтгэл мунхаглалын эрхэнд орж, мунхаглалд хүлэгдэн түүнийгээ дагаж муу үйлийг хураадаг. Мунхаглал дотроос хамгийн аюултай түймэр дэгдээдэг нь шунал, үзэн ядалт, байрдагнал, буруу үзэл юм. Эдгээрээс хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байдаг нь шунал, үзэн ядалт юм гэжээ. Тэгэхээр хүмүүс бид сэтгэлээ яаж ариусгах вэ гэвэл орчин үеийн хүний хэрэглэдэг компъютер учиргүй их вирустай болоод ирмэгц орчин үеийн  хүн яадаг билээ. Хамгийн сүүлийн үеийн вирусийн эсрэг программ компъютертээ суулгаад бүх файлаа шүүлгээд хэдэн зуун вирусыг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй устгадаг. Түүний агаар нэгэн адилаар орчин үеийн хүн өөрийн сэтгэлээ шүүн тунгааж сэтгэлдээ байсан өчүүхэн төдийн шунал, үзэн ядалтаа олж устгах хэрэгтэй. Ингэж байж л хүн гэгээрнэ, сэтгэл нь ариусна. Харамсалтай нь хүний сэтгэлд байгаа сэтгэлийн тэрхүү өвчнүүдийг устгах эм эдүгээ хүртэл алга. Сэтгэл юунд ч шинжгэж чадна. Монголын алдарт Тожил дархны сэтгэлээ шингээж хийсэн ур хийцтэй мөнгөн аяга, мөнгөн эмээл хэдэн зуун жил өнгөрсөн ч сайхан хэвээр байдаг. Италийн алдарт Страдеварийн сэтгэлээ шингээж хийсэн хийл хөгжим  хэдэн зуун жил өнгөрсөн ч үнэ цэнэтэй хэвээр байдаг. Тэгэхээр сэтгэлээ шингээж хийсэн хүний бүтээл үнэ цэнээ алддаггүй. Сэтгэлээ шингээж хийсэн эд зүйлийг үнэлж болдог юм байна. Харин хүний сэтгэлийг үнэлж болох уу? Эхийн хайрыг үнэлж болох уу? Энэрэнгүй сэтгэлийг үнэлж болох уу? Асрахуй сэтгэлий үнэлж болох уу? Өрөвч нигүүлсэнгүйн сэтгэлийг мөнгөөр үнэлж болох уу?  Мөнгөөр хэмжиж болдоггүй, үнэлж болдоггүй юм чинь энэ шүү дээ. Орчин үеийн ертөнц бүхнийг мөнгөөр хэмждэг болсон. Орчин үеийн ертөнц мөнгөтэй хүнд инээд алдан үүд хаалгаа нээдэг, мөнгөгүй хүнийг нүдэнд орсон хог мэт гудамжинд хөөн гаргадаг. Гэвч мөнгөөр хэмжиж болдоггүй юм байдаг. Сайхан сэтгэлийг мөнгөөр хэмжиж болдоггүй. Сайхан сэтгэлийг эвддэг юм харин энэ ертөнцөд мөн ч их байдаг. Эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө зоос, сайхан царай зүс ... гээд олон юм хүнийг эвддэг дээ. Шунах хүсэл хүнийг хамгийн их эвддэг. Би бусдаас илүү баян, би бусдаас илүү гоё гэх мэтийн буруу үзэл хүнийг зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө үргэлж бусдаас дээгүүр, өндөрт тавьдаг, бусдыг өрөвдөн хайрлаж мэддэггүй мунхаг амьтан болгочихдог юм. Жинхэнэ сайхан сэтгэлтэй хүн бол далай шиг баян ч байсан, хоосон ядуу ч байсан сэтгэл нь сайхан хэвээр байдаг. “Би ядуу хүн” гээд сэтгэл нь булингартдагүй, гутардаггүй хүн ч байдаг. Сэтгэл мэдрэгддэг үү? Хүний сэтгэл хүндээ мэдрэгддэг юм. Хүний сэтгэл харцаараа, үгээрээ, үйл явдлаараа мэдрэгддэг. Сэтгэл сайхан бол харц нь сайхан, үг нь үнэн, зөөлөн, эелдэг даруу, үйл явдал нь буян байдаг. Сэтгэл нь муухай бол харц нь ширүүн, догшин, үг нь худал, үйл явдал нь нүгэл байдаг ажээ. Сайхан сэтгэлээ хүнд нээх хэрэгтэй. Сайхан сэтгэлийг хүнээс харамлаж болдоггүй. Муухай сэтгэлийг нуух бус, харин арилгах хэрэгтэй. Монголчууд “Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй” гэдэг. Энэ тийм биш. Хүний сэтгэлийн муухайг арилгаж болно. Ямар эмийн тусламжтай арилгахыг өмнө нь нэгэнт хэлсэн. Сэтгэлээсээ муу бүгдийг үлдээхгүй хөөх хэрэгтэй. Чамд муу дурсамж үлдээсэн хүнийг мартах хэрэгтэй. Мартагдахгүй байвал хүчээр мартах хэрэгтэй. Бүр мартахгүй байвал тарнийн хүчээр сэтгэлээсээ хөөн гаргах хэрэгтэй. Муу хүн чиний сэтгэлд бүгж хоргодоод, түүний тухай чи өдөр бүр бодоод занаж зүхээд байвал нэг мэдэхэд чи өшөө хорслын боол болно. Нүд чинь тэр хүнийг хармагц өшөө хорслын очоор бадарч муу энерги чамаар дүүрэх болно. Чамайг тэр муу хүн нэг бус удаа хорлосон байж болно л доо. Тэр муу үйлд нь чи автагдаад өшөө хорсол чинь буцлаад байх юм бол чиний сайн энерги хорогдоод байх болно. Харин тэр хүн яагаад чамайг хорлох болов гэдгийг урьдын үйлийн үртэйгээ холбон бясалгалын хүчээр танин мэдэхийг бод. Тэгээд хариу хор бүү хүргэ, тэрхүү хорслыг ач тусаар хариул. Бурхан багш өөрий нь хэд хэдэн удаа хорлосон, амь насанд нь халдсан үеэл дүү Девадаттыг өөрийн ганц хүү Рахул шиг энэрэн хайрлаж, өвчтэй байхад нь түүнийг эдгээж байсан. Үүнийг сана. Сэтгэл нь ариуссан гуйлгачид энэ ертөнцөд хэдэн саяараа байдаг гэдгийг сонссон уу? Тиймээ Монголын гуйлгачин нь боловсролтой мөртлөө сэтгэл нь ариусаагүй байдаг юм. Гадаадын хүн сонин уншиж байгаа Монголын гуйлгачинг хараад “Боловсролтой гуйлгачин байна” гэж гайхан дуу алдаж байсан гэдэг. Тэгвэл хэдэн саяараа байдаг Энэтхэгийн гуйлгачид боловсролгүй ч гэсэн сэтгэл нь ариуссан байдаг ажээ. “Хорыг хороор хариуж, амийг амиар солино” гэдэг буруу үзэл юм. Харин хорыг сүүгээр хариул, хорсолыг тусаар хариул гэж бурхан багш айлдсан. Үзэн ядалт, өшөө хорсол, уур хилэн, атаа жөтөө чиний сэтгэлд оршвол чин хэзээ ч амар амгалан байж чадахгүй, хэзээ ч гэгээрэхгүй. Сэтгэлээ өглөө, өдөр, орой бүр шинжиж, хямгадаж, цэвэрлэж, ариусгаж байхгүй бол сэтгэлийн өвчинд амархан баригдана. Сэтгэлийн өвчин гэж юуг л хэлээд байна вэ? Энэ бол хүний уур хилэн, гомдол, атаа жөтөө, үзэн ядалт, хорон санаа, заль мэх, худал үг, байхгүй юмыг хүсэх, бага юмыг их болгохын хүсэл, алдар нэр, зэрэг хэргэмийг хүсэх, эд хөрөнгө, эрх мэдлийг хүсэх мэт сэтгэлийн наян дөрвөн мянган муу шинж байдаг гэж үздэг. Энэхүү сэтгэлийн бүх муу зүйлээс ангижирсан хүнийг Бурхан гэдэг юм гэнэлээ. Хүний сэтгэл үргэлж буруу үзлээр төөрөлдөж байдаг. Төөрөгдлөөс ангижирсан хүнийг бурхан гэдэг юм гэнэлээ. Сэтгэлийн өвчин биеийн өвчнөөс бүр хэцүү гэдэг. Биеэн дээр ил байгаа өвчнийг элдэв эм заслаар эмнэдэг. Харин сэтгэлийн гүнд байгаа өвчнийг эдгээхэд их хэцүү гэдэг. Хүн таны сэтгэлийг хэн эзэлж байна вэ? Энэ бол их чухал асуудал. Мэдээж хүний сэтгэлийг аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхөд, үндэсний баатрууд, нэрт эрдэмтэн мэргэд, зохиолч, алдартай жүжигчид, тамирчид эзэлдэг. Магадгүй нэг хүний сэтгэлийг дунджаар нэг зуугаас мянга хүртэл сайн таньдаг хүн нь эзэлж болно. Хүний сэтгэлийг юу эзэлдэг вэ? Аяга хоолноос эхлээд алт мөнгө, автомашин хүртэл эзэлж мэднэ. Сая доллор хожно гэсэн сугалаа ч эзэлж мэднэ. Америк, Солонгост бөөн доллар олох ажил олж өгнө гэсэн хуурамч зарлал ч эзэлж мэднэ. Мөнгийг чинь зуун хувь өсгөж өгнө гэсэн хуурамч зарлал ч эзэлж мэднэ. Нөхөргүй бүсгүйчүүдэд гадаадын баян эр нөхөр олж өгнө гэсэн зарлал ч эзэлж мэднэ. Бүх өвчнөөс салгаж залуу болгодог эм өгнө гэсэн хуурамч үг ч эзэлж мэднэ.
Улс төр ч чиний сэтгэлийг бохирдуулж мэднэ. Сонгуульд өч төчнөөн хөрөнгө мөнгө салхинд цацаад эцэстээ хоосон хоцорч сэтгэл чинь харуусал гансралын далайд унаж мэднэ. Ялагдсандаа гутарч ялсан хүнд хорсоод байж мэднэ. Эсвэл сонгуульд ялаад мөнх сонгогдсон юм шиг бардамналын далайд живж мэднэ. Хүний сэтгэлийг хоосолдог нэг зүйл бол горьдлого буюу найдангуй юм. Хүн амьдарлын бүхий л явцад үргэлж ямар нэгэн юмыг горьдож байдаг. Гэнэт баяжих ч юм билүү, гэнэт цалин тэтгэвэр нь нэмэгдэж магадгүй ч гэх юм уу, эсвэл орлого ихтэй ажил олдож магадгүй ч гэх юм уу, эсвэл хэдэн зуун саяын зээл банкнаас авч баяжина гэх ч юм уу бүх насаараа горьдсоор ертөнцийн мөнх бусыг үздэг. Амьдралд өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй, бүх юм сайн сайхан болно гэж биднийг сургадаг. Гэвч цаг хугацаа болон бодит байдал үүний эсрэг байх нь олонтоо тохиолдоно. Цагийг дэмий зүйлд бус гэгээрэлд зориулах нь чухал. Сэтгэлээ ариусгахад юу саад болдог юм бэ? Сэтгэлийн амгаланг юу бусниулдаг юм бэ? Сэтгэлээ гэгээрүүлэхэд юу хөндөлсдөг юм бэ? Нисваанис саад болдог юм. Өөрчлөгдөж үү, үгүй юу. Эсвэл хуучин хэвээрээ сэтгэлийн өвчиндөө мансуурч тарчилж байна уу? Сайн шалгаад үз.
Сэтгэлээ өдөр бүр ажиж тариачин шиг усалж, тордож, хамгаалж байхгүй бол хорт ургамал амархан ургачихдаг юм. Сэтгэлээ шинж, сайн шинж, бас дахин шинж. Сэтгэлээ ариусга, ариусга, бас дахин ариусга.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats