Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тэнгэрийн нөлөөлөл дор орших сав шим ертөнц
Амьдралын оршин байх үндэс нь сав шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Сав, шим ертөнц нь тэнгэрийн нар, сар, од гараг, агаар мандал, гэрэл чийгээр сэргэж, мөхөж байдаг нэг ёсны амьд организм юм.
Ямар нэгэн бодит зүйл тодорхой орон зай, цаг хугацаа хэм хэмжээг нөхцөлдүүлж оршихуйн шинжийг илтгэнэ. Бидний танин мэдэхүйд ухамсарлагдан буй бодитой бүхэнд мөнх тэнгэр, сав, шим ертөнцийн агуулга, хэлбэр, үзэгдэл, мөн чанар нөлөөлж хадгалагдаж байдаг.
Сав ертөнц нь шим ертөнцийн оршин амьдрах оромж ай сав мөн. Шим ертөнцийн эрчимт чанараас сав ертөнцийн ариун байдал шалтгаална. Сав ертөнцийн ариун байдлаас шим ертөнцийн эрчимт чанар бүрдэнэ. Энэ хоёр ертөнц бие биесээ өөртөө агуулж, харилцан шүтэлцэх диалектик зүй тогтолтой байна. Байгаль орчныг хамгаалах, түүнийг онгон төрхөөр нь байлгах ойлголт чухам эндээс л урган гарна. Байгалийн язгуур төрх, түүний хуулийн үйлчлэлийн нууцыг хэрхэн танин мэдэхээс байгаль орчныг хамгаалах, нийгмийг зөв шалгарлаар удирдах ажлын үр дүн өгөөж шалтгаална. Шим ертөнцийн төрөхүй нь умайн, өндөгний, чийгний, хувилхуйн гэсэн 4 хэлбэрт оршино. Үүнээс эх дэлхий, эцэг тэнгэрийн хооронд орших хамаг амьтны тухай ойлголт гарч, түүний нөхөн үржихүйн байгалийн хуулийн үйлчлэл, хамаарал илэрнэ. Германы гүн ухаантан И.Кант “Бид байгалийг танин мэддэг бус оюун ухааны бүдүүвчээр байгалийн хуулийг тайлбарладаг” гэжээ. Хэдий их судлагдлаа ч байгалийн хууль нууц хэвээр үлдсээр байна. Байгалийн хуулийн үйлчлэлийг тэнгэрийн шинжлэх ухааны онол арга зүйн үүднээс танин мэдэх нь аливаа нийгмийг зохистой хөгжүүлэх хэлбэр, замыг зөв тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг хүн төрөлхтөн нээсээр байна.
Сав ертөнцийг додомдон хайрлахаар шим ертөнц төлөвшин сайжрах юм шиг, эсвэл шим ертөнцийг чанаржуулахаар сав ертөнц онгоноор байх юм шиг мөчид ухаарч үл болно.Энэ хоёр ертөнцийг бие биенээс нь салангид авч үзэн, тус тусад нь судлах ямар ч боломжгүй. Тэд нэгэн зоосны хоёр тал мөн. Энэ хоёр ертөнц харилцан шүтэлцээтэй сэргэж, мөхөж байгаагийн үндэс нь хөх мөнх тэнгэрийн нөлөөллөөр явагддаг гэдэг үүднээс үзэх нь танин мэдэхүйн агуу ач тустай байх болно. Сав, шим ертөнц тэнгэрийн жам ёсны хуулинд захирагдаж оршдог. Сав, шим ертөнцийн хуулийн үйлчилэлийг танин мэдэх бодит эд зүйлс ба үйлчилгээндээ ашиглах чадамжийг оршихуй гэнэ. Хүний хэрэгцээний аясаар дээрхи хоёр ертөнц оршин байгаа мэт боловч тэд биднийг өрөвдсөндөө энэрэнгүй мутраа харамгүй сунгасаар… Энэ нь хүн төрөлхтнийг шунал руу хөтөлж, хорхойсох сэтгэлийг нь асааж ёс бус үйлдэл, эс үйлдлийг нөхцөлдүүлж улам гааруулсаар байна. Сав шим ертөнцийн унаган төрхийг удаан хадгалья гэвэл нөөц хязгаарлагдмал бус, хэрэгцээ хязгааргүй гэх мунхаг ойлголтоос салж түүнийг эсэргээр нь тавьж өмчинд шунах сэтгэлээсээ хөндийрөх ёстой. Ухаан дутсан газар нөөц дутахаас биш сэтгэж л байвал шавхагдашгүй чанартай зүйл. Сав шим ертөнц усан, агаар, тоосонцор, хатуулаг мандлаас бүрдэнэ.
Сав ертөнц нь хязгааргүй уудам тэнгэрийн танин мэдэхүйн орон зайд орших хэдэн тэрбум одод, нарны аймгийн есөн гараг эрхсээр торлогдсон бие биенээ нөхцөлдүүлж, эрчим хүчээ шим ертөнцөд илгээнэ. Шим ертөнц 2 сая зүйлийн амьтан, 500.000 төрлийн ургамал, 108 химийн элементээр хучигдан өөрийнхөө нөлөөллийг сав ертөнцөд ууршуулна. Сав, шим ертөнц шавхагдашгүй мэт боловч тэр нь тоо ширхэгтэй, эхлэл хязгаартай, үүсэх мөхөх цаг хугаацаа орон зайтай, амьд агууламж мөн. Энэ агууламж нь энергийн нарийн урсгалаар зохицуулагдаж бие биесээ нөхцөлдүүлж агаар дахь хүчилтөрөгч, хөрсөн дахь азот бусад элементүүдийг нийлэгжүүлж амьдрахуйг мэдээллээр хангаж эргэлтэнд оруулна. Сав, шим ертөнцийн амьдран оршинхуйн эрчимт чанар эзэгнэгчийг ухаант мэргэд, лус, савдаг, юлдэг хэмээн нэрийдэж түүний хүч чадлыг эзэмдэн өөрсдийн хүсэлд нийцүүлэн амьдарч ирсэн байна. Лус нь усанд, савдаг нь газарт, юлха нь тэнгэрт тус тус оршиж, өөрийнхөө эрчимт чанарыг сав, шим ертөнцөд илгээдэг тухай танин мэдэхүй шинжлэх ухааны судалгаагаар улам нотлогдож оршихуйн гүн ухааны судлагдахуун болон орон зайгаа эзэлж байна.
“Буман цагаан лус” хэмээх сударт лус нь усанд, савдаг нь газарт, хүчир /энерги/ нь огторгуйд оршиж оршихуйн сэтгэлгээнд хэрхэн нөлөөлөх байршил төлөвийг тодорхойлж өгсөн нь бий. Савдаг хэмээх үг Төвд хэлнээс Монгол хэлэнд орж нутагшсан үг юм. Энэ нь газрын эзэн гэсэн утга агуулна. Тэр нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршиж, эерэг сөрөг нөлөөгөө үзүүлнэ.
Газрын эзнийг савдаг, дэлхийн эзнийг шивдэг, орны эзнийг навдаг, орны тэнгэрийг юлха хэмээн тус тус нэрийднэ. Сав ертөнцийн од, гараг эрхсээс шим ертөнцөд ирүүлэх энерги, хүчний гайхамшигт нөлөөллийг дээрх эзэд биедээ хураан авч хариу үйлдэл үзүүлэн жирийн ухамсарт ид шидийн юм шиг мэдрэмж төрүүлнэ.
Гэр орноо буурь сэлгэх, шинээр үүсгэж байгуулах улс төр, бизнесийн аливаа ажилбар хийхэд ээлт газар, эцэг тэнгэрийн таалалд нийлэмжтэй цаг үеийг тохиолдуулан үйл үйлдэх нь цог хийморь, ажил үйлсийг бадрааж, ашиг орлогыг базаах, хайр сэтгэлийг цэвэршүүлэн үр удмыг чанаржуулах нигууртай болой. Үүнтэй холбоотой зан заншил ёс зүйг ч бүтээсэн байна. Тухайлбал: лусыг алт, мөнгө, шүр, сувд, номин гэсэн таван эрдэнэ, арвай буудай, будаа, вандуй, дэлийн будаа гэсэн таван арвижих ургамал, улаан, цагаан, зандан, задь, гүргэм, гавар гэсэн таван тансаг үнэртэн, жуган гүргэм, лишь, сүгмэл, гүгэл гэсэн зурган төрөл шидэт эм зэргийг өгөршиж бузартаагүй мод шатаан цогшоож дээрхи ариун зүйлсийг цацан үнэр гаргахад 12 жил, сар, өдөр анх, энх, мөнх цагийн хамаг лусын хаад залран ирж үнэртэн баясаж, энэрэл хайраа үзүүлнэ хэмээн залбирдаг заншил Монгол туургатны сэтгэлгээний түүхэнд бий.
Итгэл бишрэл нь хүний эрхэм дээд нөхөр, оюун ухаан нь хамгийн сайн газарч байдаг. Сав шим ертөнц мөнхийн дээд мөнх хөх тэнгэр, хүчтэний дээд хүчтэн хөх тэнгэрээ шүтэн бишэрч явах нь хорвоод амьдрах хугацааны чинь хоол, хүнс, гэрэл гэгээ, ариун их орон зай юм. Орон зай орчны цэвэр ариун байдал нь хүний сэтгэлээс улбаатай. Зэв төмрөөс үүсч төмрөө иддэгийн адил, нүгэл хүнээс үүсч хүнээ иддэг. Дотоод сэтгэлээсээ үүдэн гардаг бохир бүхнээ ариусгаж чадаагүй байж гаднаас нь хамгаалах гэж тэмцэх нь утга төгөлдөр бус бөгөөд хүн үнэний зургаан зүйлийг хүндэтгэж, ухаантай байж, буян бүтээж гэмээн зовлон гайгаас өөрийгөө хамгаалдаг. Үүний тулд үнэний зургаан зүйлийг баримтлан 4 зүйлийн бузраас /амьтны амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, худлаа хэлэх/ салж, сэтгэлийн 4 муу илэрлийг таслан зогсоох ёстой. /ховдог шунахай сэтгэл, уур хилэн, мунхаг ухаан, айж эмээх/. Монгол түмний зан заншил ямагт ариун, сайн сайхны төлөө чиглэгдэж, гэгээлэг, оюунлаг, сэтгэл зүтгэлийг бүтээж ирсэн өндөр утга ёс зүй, итгэл зүйтэйг судалж, мэдэж, дагаж, хэрэгжүүлэх явдал ахмад залуу хойч үеийнхний хэзээ ч умартаж болохгүй зорилго байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats