Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төр түмний их баяр ёслол цагаан сар
1. Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзийг нийтээрээ билэгшээн тэмдэглэхдээ :
-    Өтгөс бууpлуудаа өргөж хүндэтгэх
-    Нялхсаа баясгах
-    Есөн үеэс , төрсөн ураг төрлөөрөө баярладаг.
-    Монгол түмэн сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдлэж, цагаан хадаг дэлгэн золгож, таван тансаг идээгээр дайлан оюун санаа зан заншил соёлын баяр болгон тэмдэглэж байжээ.
2. Юань улсын үед цагаан сар тэмдэглэж байсан түүхээс Марко Поло бичихдээ: Бүх хүн тус тусын суудалд залармагц хамгийн өндөр настан босч өндөр дуугаар “Мэхийн сөгдөж хүндэтгэгтүн“ хэмээхэд:
-Бүгд сөгдөн их хаанд залбиран 4 удаа мөргөж ёсолно.
-Гоё сайхан чимсэн пайз, сангийн бойпор хоёрыг байрлуулсныг үзэж түүнд мөргөнө.
-Их хаанд бэлэг сэлтээ өргөн барина.
-Найрын хүндэтгэлийн ширээ засч бүгд уригдан сууна.
-Их хаан сэнтийдээ залархад түүний зүүн гарт хатнаас өөр хэнч суусангүй.
-Зоогийн дараа илбэчин, бүжигчин ирж цэнгүүлэн хөгжүүлнэ хэмээснээс үзвэл цагаан сарын баярыг төр ёсны хүндэтгэл болгон тэмдэглэдэг байжээ.
3. Хубилай хаан дээд нийслэл Шандуд Монгол цагаан сараа, Доод Бээжинд хятад маягийн хаврын цагаан сар хийдэг байсан ажээ.
4. Их Монгол улсыг байгуулсан он буюу гуравдугаар жарны өндөрлөх жил гал барс жил /1206 он/ Чингисийг хаан ширээнд залж ордны их багш Тататунга цагаан хашин дээр сийлсэн мөнх тэнгэрийн хүчүн-дүр монгол улсын далай хааны зарлиг буулган иргэн-биширтүгэй, аюутгай гэсэн төрийн хас тамгыг өргөн барьж хөх монгол улс хэмээгдэх улсын байгуулсан их ёслолыг дорно дахины уламжлалаар хуучин он улирч, шинэ он заларсан баяртай хамтатган ёсолсноор хаврын баяр болгосон түүхтэй.
5. XVIII зууны төвдийн их эрдэмтэн Лувсандамбийжанцан зурхайн жилийн эх тэргүүний асуулгын хариу номондоо: Чингис хаан төр барьж хаврын тэргүүн сард өлзий хутгын баясгалангийн хурим үйлдсэн тул энэ сарыг монголын анхдугаар сар хэмээн нэрийдвэй гэжээ.
Чингис хаан цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч, биеэ ариутган шинэ хувцас өмсч, тэнгэр газарт ёсолж, өвгөдөд тайгаад, Өэлүн ээждээ мөргөн золгох зэргээр өөрийн биеэр төрийн ёс ёслол хийдэг байжээ. Төрийн тэргүүн эзэн хаанаасаа эхлэн бүгд шинэлж цагаалдаг баяр нь төрийн иx баяр хүндэтгэл болон төгөлдөржсөн түүхтэй.
6. Монголчууд манжын үед шар зурхай хэрэглэж байгаад 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаж VIII богд Жибзундамба хутагт лүндэн буулгаж Төгс буянтын зурхайг хэргэлжээ.
Лүндэн ёсоор шинэлэх, цагаалах ёслолыг явуулах дүрмийг зохиож, Богд хаанаар батлуулан мөрджээ. 
Уг дүрмээр төрийн ордонд бараалхах ёс журам болон сайд хан, ван, гүн, хамба, цорж, хувилгаан, засаг бус ван гүн зэрэг түшмэлүүдийн жагсан ёслох, журам тэдний хувцсыг заажээ. Ёслолын үеэр дэмий үймэx, дуу чимээ гаргах, шахцалдах зэргийг хоригложээ.
-Ам хэмжээтэй шар өнгийн дундаа соёмбо үсэгтэй, хөвөөгөөрөө гурван хэлтэй , төрийн далбаа, төрийн ордон, сүм хийд, яам газарт жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэн мандуулж цагаан сарын нэгнийг уламжлалт төрийн ёсны баяр гэдгээр нь ёслон тэмдэглэсэн баримт байдаг .
7. Монгол улсад халх, буриад, дөрвөд, захчин, урианхай, баяд, өөлд, торгууд, дарьганга, дархад зэрэг арав гаруй, Өвөр Монголд барга, сөнөд, харган, цахар, баарин, аваганар, урад, алшаа Шинжиянд дээд монгол, торгууд зэрэг монгол үндэстэн ястаны онцлог бүхий цагаан сарын ёс байдаг. Энэ нь нэгдүгээрт: үндэсний зан соёлоороо, хоёрдугаарт оюун санааны онцлог үг өгүүлбэр, ерөөл магтаал, дуу хуур, тоглоомоороо өөр ч цагаан сардаа бэлтгэх, битүүлэх, золгох, бэлэг өгөх, шүүс идээ тавих зан заншил нь ижил юм.
Цагаан сарын баяр нь монголын олон үндэстэн ястны эв нэгдлийн илэрхийлэл  болж уламжлагдсан төр ард түмний их ёс ёслол юм. Монгол газар нутаг дээр оршин тогтнож байсан хүннү гүрний үеэс нүүдэлчдийн төрт улс буй болж, төрийн их ёс ёслол үүссэн гэдэг.
Монгол түмэн туулж өнгөрүүлсэн 2220 гаруй жилийн түүхэндээ бүтээсэн оюуны их бүтээлийн нэг бол Монгол үндэтний цагаан сар төрийн их ёс ёслол юм.
Чингис хаан төрийн их ёс ёслолын дэг жаягийг их засаг хууль цаазын дээж бичигтээ тодорхойлон агуулга, зарчмыг гаргаж өгсөнийг бид үргэлжлүүлэн яваа билээ.
Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жибзундамба хутагт Монгол улсын үндэсний тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж тунхагласан 1911.12.29-ний өдрөөс эхлэн өвлийг өнөтэй давж, шинэ оны хаврын эхэн сараа угтах баяр болгон , хуучин оноо битүүлэгийн ёсоор, шинэ оноо золголтын их ёслолоор тэмдэглэж эхэлснээс хойш нэгэн зууныг өнгөрөөжээ. Ийнхүү XIII зуунаас эхлэн цагаан сарын баярыг төрийн ёс ёслол, ард нийтийн үндэсний хүндэтгэлийн баяр гэж нэрлэж иржээ .
 Цагаан сараар монгол улсын бүх үндэстэн ястан нэгэн зэрэг өөр өөрийн онцлогоор тэмдэглэж, өтгөсөө өргөж хүндлэн, нялхсаа баясгах, өөрсдийнхөө есөн үеэ дурсан ураг төрөл, удам гарвалиа мэдэлцэх, монгол хүний бэлэгт цагаан сэтгэлийн цайлган дулаан үг яриа хэлэлцэж, нас хүйс, дарга даамал, эзэн баян ядуу гэж ялгалгүй баярладаг их бэлгэ дэмбэрэлтэй учраас энэ баяр тууний ёс ёслолын зан үйл нь тусгаар монгол улсын нэгэн шинжийг илэрхийлсэн төр ард түмний баяр юм.
Монгол төрийн ёслол, ард түмний үндэсний их баяр цагаан сар манай ард иргэдийн хүмүүнлэг, энэрэнгүй, зан ёс, эе эвийг илэрхийлсэн өөр ямар ч улс оронд байдаггүй мөнх хөх тэнгэрээс заяатай, хөх толботой төрсөн монгол хүмүүсийн дээдийн дээд эрдэнэ болсон баяр ёслол юм .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats