Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тэнгэр бурханаа тайлж, аргадаж амьдардаг.
Эцэг тэнгэрээ дээдлэх үзлийг Монгол түмэн, түүний төр өнөө хүртэл авч яваа нь нэг ёсны бахархал хэдий ч мөнх тэнгэр, сав шим ертөнцөөс хүн, амьтан, ургамалд үзүүлж байгаа үзэгдэл бүхнийг өөрийн хувь заяаг төөрөгт, хүйн холбоотой зохицолдоо хэмээн ойлгож хичнээн хохирол, аюул түйтгэрт нэрвэгдсэн ч түүний аугаа далд хүчийг сөрж, шүүмжилж, урьдчилан сэргийлж эс чадсан хэвээрээ л байна.
Тэнгэр сав шим ертөнцдөө хичнээн зөв хандана төдий чинээ буян заяа, хишиг хүртэж, хийморь, заяа төөрөг нь өөдрөг явдагыг гадарладаг, мэдэрдэг болсон хүн, бурхан тэнгэрийг аргадан түүний нууцыг тайлах талаар чамгүй ололт нээлт хийж байгаа ч амжилтанд тэр бүр хүрэхгүй тэнгэр бурханы эрхшээлд байсаар байгаа нь ганц үнэн.
Хөх тэнгэрийн үзэл нь өнө үүрдийн буюу мөнхийн шинж чанарыг агуулдаг. Тэнгэр мөнхөд орших учраас тэнгэрийн ивээл нь мөнх, өнө үүрдийн шинж чанартай. “Тэнгэр бол сайхан сэтгэл…сайхан сэтгэл бол тэнгэр” хэмээн ярьдаг нь үнэний хувьтай хөхрөгч хөх тэнгэр хэзээч биднээс юу ч гуйхгүй, хүсэхгүй зөвхөн биднийг ивээн тэтгэж, мөн зарим үед гэсгээн цээрлүүлж чаддаг хэнд ч захирагддаггүй дээд хүчтэн. Ийм болохоор шүтэн бишрэхээс өөрч ямар ч арга байхгүй, манай ертөнц, мөнх тэнгэр бол сэтгэл зүрхтэй, оюун ухаантай амьд амьтан адил хэмээн бид ойлгож байх учиртай. Тэнгэрийн диваажинг хэн ч үзэж, мэдрээгүй гэж хэлэх дуртай ч түүний ач буянг сав шим ертөнцийн хүн, амьтан бүхэн мэдэрч амьдардаг төөрөг заяатайгаа тэнгэрийн диваажинд байна гэж ойлговол зохистой.
Тэнгэрээ танин мэдэх одон зурхай зохиож, тэнгэр, байгаль, сав шим ертөнцийнхөө араншин, хүнийхээ нас төөргийг тодорхойлж, төр ард түмнийхээ сүр сүлд хийморь хувь заяаг даатгаж, хүч энергийг авч, сар нар, гараг ертөнцийн талаарх эрдэмтдийн бүтээл судалгааны үр дүнгээр аливаа од эрхэсийн аюулаас урьдчилан сэргийлж чаддаг болсон шинжлэх ухаан технологийн ололт дэвшлийн үр өгөөжийг бишрэн хүртэхийн зэрэгцээ, тэнгэрээ судлах явдал чухал болоод байгаа билээ.
Эртний монголчууд тэнгэр шүтлэгийг айл, өрх бүрээрээ хийдэг байсан. Ингэхдээ өрхийн хүний тоогоор бамбар асааж, цагаан эсгий дэвсэж, идээ засч, тахилга удирдах хүн нь Галайхайгаа дэргэдээ тавьж, хүзүүндээ бүсээ эгэлдэглээд хэлдэг шившлэг нь: “Цуурхай аманд цас залгиулсу, хагархай аманд хальс наасу, өөрийн биеийг төрүүлсэн өндөр хөх тэнгэр мину, Урт ханцуйд эдийг оруулсу, уудам хормойд агуурс дүүргэмү үр ачийг дүүргэсэн өндөр хөх тэнгэр мину” гэж шившин дуудаж, дараа нь гол хүсэл даатгалаа хэлдэг. Энэ үед цагаан эсгий дээр хормойгоо дэвсэн гартаа зул барьж байсан бүхэн сүүлчийн хоёр мөр “үр ачийг” хэмээн өндөр дуугаар бүгд давтан шившдэг ёсон байсан. Ёслол дууссаны дараа тус тус дайллагын идээнээс авч тэнгэртээ өргөөд дараа нь хамгийн хүндэт айлдаа цугларан дайллагын идээгээ хувааж идэж, найр эхэлдэг бөгөөд энэ өдөр ямар нэгэн хэл ам, хэрүүл гаргах ёсгүй байжээ.
Богд хааны ордонд жил бүр од, тэнгэр, эрхэс, лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга үйлдэж байсан уламжлалаар уул овооны тэнгэрийг тайх, төрийн тахилгатай ёслолыг үйлдэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004.04.23, мөн 2007.07.26-ний өдрийн Зарлиг, лүндэн гарч Бурхан халдун, Богдхан, Отгонтэнгэр, Дарь гангын Дарь овоо, Суврага хайрхан, Хан хөхийн сутай хайрхадын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж, дээрхи уул овоог төрийн тахилгатай хэмээн нэрэлсүгэй гэсэн нь тэнгэр, сав шим ертөнцөө дээдэлж, төрдөө итгэх итгэлийг бага боловч буй болгосон ёслолын арга хэмжээ юм.
Монгол түмэн тэнгэрээ дээдэлж идээнийхээ дээжийг байнга өргөж хавар, намар, өвөл, зуны өдөр шөнийн тэнцлийн үеэр тэнгэрийн их, бага тайлга тахилгыг өргөн дэлгэр хийж, хүсэл мөрөөдлөө шившин хэлж, зан үйлээ ёс, төртэй үйлддэг нь тэнгэр үзлийн гайхамшигт мэдрэмж юм. Мөн сүлдний тэнгэр хүний толгойн оройд, эцгийн тэнгэр баруун мөрөнд, эхийн тэнгэр зүүн суганд, амьны тэнгэр зүрхэнд, хишгийн тэнгэр нүүрэнд тус тус оршдог гэж үздэг.
Яагаад бүрхан тэнгэрээ аргадан шүтэх ёстой вэ? гэвэл: хөх өнгөт, мөнх наст дээд тэнгэрээс хур ороход дэлхий дэлэгнэж, сав шим ертөнц болсон ургамал ногоо, гол мөрөн нь бялхаж, хамаг амьтан  хоолтойгоо залгадаг хорвоогийн ёсыг хэн ч хэзээ ч өөрчилж үл чадах бөгөөд хөх тэнгэр хөмсөгөө зангидваас  ган болж, шамрага  дэгдэж, аюул бүхэн  нүүрэлдэгийг мөнх тэнгэрийн дор, хөрст бор дэлхий дээр хүн бүү  хэл амьтан ургамал хүртэл ойлгодог учраас тэнгэр гэдэг ойлголт Монгол хүний оройн дээд шүтээн, насан туршийн сахиус болж, эгэл хүний амьдралаас  эхлээд эзэнт төрийн сүлдэнд хүртэл мөнхийн сүнс болсон юм. “Тэнгэрлэг хүн” гэж аз хийморь, амжилт бүтээлтэй хүнийг, “Тэнгэр нь хаясан хүн” гэж зовж, зүдэрч бүтэлгүй бүхнийг сэдэж, хийн явагч, “Тэнгэр мэдтүгэй” гэж хувь заяагаа даатгадаг ёс байгаа нь хүн бид, тэр дотроос Монгол туургатан бүхний хувь заяа мөнх хөх тэнгэрт байгааг ухаарахгүй явах аргагүй юм.Тэнгэрээ аргадаж, шүтэн байгаль дэлхийн, уул усны эздэд ачлал мэдүүлж, хүсэл бодлоо илэрхийлэх онцгой нэг хэлбэр бол овоо босгох, түүнийг тайх явдал байсан. Овоог босгохдоо зэс бумбанд тариа будаа, арц, хүж, үрэл, есөн эрдэнийн Зай, ариун тагшин газрын шороо, эмийн ургамал хийж, таван өнгийн хадгаар амсрыг нь боож, овооны шоргошны хамт гүнд нь хийж, цэвэр элсээр булж, овоогоо булж босгодог. Овоог тахих ёс нь ган зуд болох, мал сүрэг өвчнөөр үхэх, газар, орны лус савдаг дошгирсонтой холбоотой бөгөөд энэ үед аль өндөр газар, сүр ихтэй уул давааны орой, рашааны эхэнд овоо босгож тахидаг. Ингэж тахихдаа цусаар, цацал өргөх, галаар гэсэн аргыг голчлон хэрэглэж байсан түүх байдаг.
Цусаар тахих: Үхэр, хонь, ямаагаа нядлаад, овооныхоо өмнө тэнгэр газар, бурхан сахиусныхаа ачийг хариулж байгааг илэрхийлдэг.
Цацал өргөх: Шимийн архи, шар тос, шинэ сүүгээ овоондоо цацаад тэнгэр бурханы өршөөлийг даатгадаг.
Галын тахилга: Овооны өмнө галаа ноцоож, тахилаа өргөж, тахил тахигч нь өөрийн нэр овгоо хэлээд дараа нь галдаа бүхэл мах өргөдөг. Учир нь гал ариун бөгөөд ад гайг зайлуулдаг. Гэгээн саруул хүчний илрэл гэж үздэг ажээ. Овоог зуны эхэн сарын шинийн 3 буюу лусын буулттай өдөр эрхшээн тахидаг. Овооны тахилганд гүү унаж очдоггүй, эмэгтэй хүн овооны оройд гардаггүй. Мөн ан хийж, мод огтлохыг цээрлэдэг. Овооны морьдын уралдаанд эмэгтэй хүүхэд унуулдаггүй. Архи, идээ будааг атгаар нь цацахыг нэн цээрлэдэг.
Овоог тэнгэрийн, газрын, овгийн гэж 3 төрөлд хуваадаг. /Өндрийн, өлийн, хувийн гэж хэлдэг/ овооны тахилгыг удган хүн үйлдэнэ. Гол мөрөн, булаг шандны эхэнд овоо бүтээн элсээр бүрхэж, таван өнгийн хадаг уяж, лусын сан уншиж овооныхоо элснээс усруу цацаж, ариутган цэвэршүүлнэ. Үүнийг “Дүлцэн” өргөх гэдэг. Лус 8 аймаг, 88 эзэнтэй байдаг гэж зурхайн сударт бичигдсэн байна. Өндрийн буюу тэнгэрийн овооны голд босгох модыг “Залам” гэх бөгөөд ёс мэт бургасаар хийдэг. Овоон тахилгад бөө, удган нар овооны онгодыг урин дууддаг. Овооны онго бол бүх онгоны тэргүүн нь байдаг. Үүнд бөө удганы тахилгын гол нь оршдог.
Хүн төрөлхтөн гал олж, түүнийхээ гайхамшигт ид шидийг илрүүлэн, сэтгэлгээнийхээ боломжинд тулгуурлан ашиглаж эхэлсэн үеэс түүнийгээ дээдлэн тахиж, манаж ирсэн юм. Гал голомтоо ариун нандин байлгаж, түүгээрээ бүхнийг ариутган цэвэршүүлдэг. Гал голомтоо бузарлавал тэнгэр бурхан хилэгнэж, айлын хийморь доройтно гэж үздэг хүмүүний ёс тогтсон юм. Монголчууд гал тайх /тахих/ зан үйлийг жилд 4 удаа хийдэг заншилтай бөгөөд жил бүрийн өвлийн адаг үхэр сарын 23-нд гэр бүлээрээ галаа тахиж, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах, гал голомтоо бадрааж, ажил үйлс сэтгэл санаагаа ариусгадаг.
Галыг тахихдаа Хонины арьстай цоройг бүтэн авч, хуйхлан, дал дөрвөн өндөр, гургалдай, шант чөмөг, хүзүү сээрнээс дээжлэн авч таван өнгийн торгоор ороож, хүж арцаар арвилж, архи шингээж, хонины сэмж, өвс, улаан бургас, шаваг зэргийг асааж галаа тахьдаг. Ингэхдээ галынхаа дөрвөн талд зул барьж, ламаар гал тахилгын ном уншуулдаг. Гал тахисны дараа гэрийн эзэн “Хаан аавын цахиж  асаасан, хатан ээжийн хөгжөөж дэвжээсэн, харанхуйг гийгүүлэгч, хатууг уяраагч, хан төмөр тотготой галыг бурхан өршөөх болтугай” гэж болгосон зүйлийнхээ дээжнээс галдаа өргөж, “бузар бүхэн арилж, тэнгэр лус таалах болтугай” хэмээн залбирдаг. Мөн шинэ гэр барих, анхны хүү төрөхөд галаа тахьдаг байсан. Улирал бүрийн бар, могой, бич, гахай сард ням, мягмар, пүрэв, баасан гаригт эсвэл гал суудалтай могой, морь өдөр галаа тахиж байх боломжтой. Гал голомт тухайн хүний төдийгүй, тэдний удам угсаа, төрөл төрөгсдийн өлгий анхдагч орчин гэж үздэг. Их засаг хуулинд: айлын гал голомтыг нар буруу тойрч гарах, галд хутга хүргэх, дүрэх, галд бохир эд хог шатаах, үнсийг нь бужигнуулах, самрах, ус асгах, үнсрүү шээхийг хориглодог. Энэ утгаараа гал голомт гэр бүлийн ариун нандин, халдашгүй дархан цэг, удам угсаагаа хадгалж яваагийн нэг илрэл гэж үздэг. Монгол төрийн нэг ёс бол харийн орны хүмүүсийг хоёр галын хоорондуур гаргаж цэвэрлэдэг байсан ёс юм. Плано Карпиний тэмдэглэлд “…тэд галыг бүх зүйлийг ариусгадаг гэж үздэг…тул ирсэн элчин, төлөөлөгч, түшмэд, ер хэнийг ч болов авчирсан бэлэг сэлтнийх нь хамт хоёр галын дундуур гаргаж, алив нэг хорлох зүйл үзэл, хор буюу ямар нэг муу зүйлийн юм авуузай хэмээн ариутгах бөлгөө” гэж бичсэн байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats