Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөө мөргөл бол тэнгэрийн шашин
Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ.
Бөөгийн шашин нь бол ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд юмсыг харьцуулан үзэхүйд түшгэлсэн сургаал гэж болно. Тухайлбал: тэнгэр газар хоёрыг бүхнийг туйрван бүтээгч гэж үздэг энэ утгаараа эцэг тэнгэрийн заяа аашаар амьд бүхний хувь заяа шийдвэрлэгдэж байгааг мэдрүүлдэг. Аугаа их хүчтэй сургааль үзэлтэй шашин юм. Ийм учраас бөө нар нь тэнгэртэй харицах, арга шидийг эзэмшсэн байж, хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг тэнгэрт хүргэж, сайн мууг ялган салгаж, итгэл үнэмшлийг буй болгодог. Бөөг дотор нь хар зүгийн, цагаан зүгийн хэмээн ангилдаг. Энэ нь бөө нар сөрөг мууг сүүдэртэй гэж хараар, эерэг сайн гэж гэрэл гэгээ, цагаанаар төлөөлүүлдэг. МЭӨ 209 онд Хүн-нү улсын байгуулж мандуулсан үед Бөөгийн шашин хөгжлийнхөө оргилд хүрч тухай гүрний улс төрийнх нь үзэл, төрийн ёслолын үүргийг тодорхойлж байсан гэдэг.
XIII зууны Монгол улсын төрийн бодлогыг тодорхойлж, төрийн ёслолоо бөөгөөр гүйцэтгүүлж байсан төдийгүй Чингис хаан түүний алтан ургийнхан төрийн хэрэг, аян дайнд гарахдаа Бэсүд овгийн бөө нарын зөвлөлгөөн авдаг, Чингисийн хатад, хөвгүүд охид цөм бөөгийн шашныг эрхэмлэдэг. Тэгэхээс ч өөр үзэл гэж байгаагүй юм.
Чингисийн хоёр дахь хүү Цагаадай нь хатантайгаа хоёул бөө байсан талаар шарнууд ясны монгол бөө нарын дунд домог яриа болж үлдсэн. Цагаадай бөөгийн цахиж асаасан гал: цанхулан удганы үлээж хөгжөөсөн голомт гэсэн байдаг.
Чингис зөвхөн эзэн тэнгэрийг шүтэж байсны тодорхой жишээ бол тэрээр: “бүх улс түмнийг эзлэн, захирах эрхийг эзэн тэнгэр надад хайрласан юм” гэж хэлсэн байдгаас үзэхэд жирийн айл өрхөөс эхлээд хаан эзнээ хүртэл бөөгийн мөргөл түүний харьцдаг хөх тэнгэр шүтлэгтэй байсан гэж болно.
Бөөгийн шашин монгол улсын төрийн гол үзэл суртал болж байсан учраас академич Ч.Далай их монгол улсынхаа бөө мөргөлийг гол болгон шүтэж байсан нь тэдний улс төрийн бодлогоос үүдсэн гаралтай хэдий ч тухайн үед бөө мөргөлийг орхих аргагүй байсан учир шалтгаан бас байжээ. Тухайлбал: эзэн хааны нэр хүндийг өргөх гал голомтыг ариун байлгах, улсын туг сүлдийг тахих тайх, хийморь сэргээх, уул ус овоо тайх, мэргэ төлөг үйлдэх зэрэгт зөвхөн зайран, удган нарыг ашиглаж болох байж, бусад төрлийн шашин эд зүйлийг гүйцэтгэж үл чадна. Бас бусад олон шашны нөлөө монголд хэт ихэдвэл монголчуудын нэгдэлд тус болохгүй гэдгийг монголын хаад гүн ухаанаараа сүрхий ойлгож түүнээс аль болохоор болгоомжилж байжээ.
Тэр үед айл өрхөөс эхлээд хааны орд өргөөнд бөө шүтлэгийн өргөө бий болгож, олон зайран бөө удганыг нэг нь толгойлж, хааны бүх онгон шүтээн, тайллага мөргөлийг хариуцдаг, ромын папын маягтай болсон байв гэж В.Рубрик тэмдэглэсэн нь бий.
Бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв “Монголын нууц товчоо”-г монгол бөөгийн шашны түүх гүн ухааны хамгийн чухал судлал, энэ шашны хосгүй ганц хөлгөн судар хэмээсэн байдаг. Бөөгийн шашин бол монголын нүүдэл иргэншилд зохицсон, эцэг тэнгэр, газар эхтэйгээ хүй холбоотой өвөрмөц шашин гэж үздэг үзэл урсгалтай би санал нэг байдаг.
Монгол түмний тэнгэр шүтлэгийн зуучлагч нь Бөө, мөргөлийн шашинтангууд байсан одоо ч байна. Тэд тэнгэрийн аугаа хүч чадал, энерги эрчмийг онгодлон дуудаж, түмэн олондоо эвээл, өршөөл үзүүлэн, бороо хур оруулж, тулааных нь ялалт амжилтыг авчирдаг учраас бөө мөргөл айл гэр улмаар Монгол төрт улсын төрийн ахдагч ёс ёслол болж олон зууныг өртөөлөн хүрч ирсэн түүхтэй. Тэнгэрийг шүтэх үзлийн бөөгийн гарал үүслийн талаар Зайран Д.Бямбадорж тодорхойлохдоо:
Угийн түүх эхээр эхэлж
Удмын ёс эцгээр овоглож
Ханхүү тэнгэрээс ирж
Хас төр тогтоогүй байхад
Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байсаан.
        Түмэн бодис нартад баясаж
        Төрсөн бие тэнгэрт мөргөж
        Шашин огт үгүй байхад
        Шаазгай шувуу хэлмэрч байхад
        Задгай галаа тойрч бүжээд, Замбуу тивийг аргадаж
        Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байсаан.
Эзэн Чингэсийн сүр хүчинд
Харийн хаад сөхөрч байхад
Хамгаас хүчтэй тэдний бурхад
Хаана одсон нь сураггүй байхад
    Мөнхийн тэнгэртээ өвгөдийн сүнс
    Мөнгөн оддоор зугаалж байхад
Олиг муутын од харваж
    Ондоо газарт нисэж байхад
Омогшиж явсан хөх Монголын удам
Домогширч үлдсэн “Нууц товчоо”-гоо залж
Авъяасаараа дэлхий дахинд гайхуулах
Алтан боломж XXI зууны босгон дээр
Бөө бөөлж, бөөрөнхий тал хэнгэрэг дэлдэж байна хэмээсэн нь энэ ёс ёслол төрт улсаас эрт өмнийх гэдгийг нотолж байна. Тэнгэр эцэг, эх болсон дэлхийгээ дээдлэх үзлийн хүчинд Монгол түмэн энэ тивийн хамгийн хийморлог хүмүүс байх заяа төөргийг тэнгэрийн бурхан бөө мөргөлчид хийдэг. Тэд:
Онгод нь ороод ирэхээр
Орчлонгоор явагч хий биетэн болж
Олон түмнийхээ төлөө сүнстэй ярилцаж
Сүүдэргүй биеээр очиж
Төрийн сүлдээ дээдлэн нартай наадаж
Сартай саатаж, зан мөрийг засаж
Заяа төөргийг нь тэгшилж чадахаас гадна сайхан Монгол түмнийхээ санасан бодсоныг сар, нартай ярилцаж, савдаг лусаа аргадаж чаддаг хүчтэнгүүд юм. Ийнхүү далд увидас ёс жаягаараа төрт улсын ёс ёслолын анхдагч байсан гэх үндэстэй.
Бөө мөргөлчид тэнгэрийн үзэл сургаал онолыг Чингис хааны төрийн үеэс өнөөг хүртэл үе залгамжлан хадгалж ирсэн түүхэн гавьяагаараа бөө мөргөлийн шашин бол тэнгэрийнх хэмээн нотолж, төрийнхөө сүлдэнд үнэнчээ илэрхийлж, олон зууны тэртээгээс өнөө хүрч ирсэн зан үйлийн билэг оюуныг ч үнэлж хүндэтгэх ёстой.
Монголчуудын бөө мөргөл нь эцэг тэнгэрийг дахин шүтэж эхэлсэн их Монгол улсын төрийн тулгуур үзэл болоход Чингис хаан гол үүрэг гүйцэтгэсэн учир энэ үзэл онолыг үндэслэгч хэмээн үздэг төдийгүй дэлхийчлэх үзэл болж байсныг ч бид ойлгож мэддэг. Дээр ганцхан мөнх хөх тэнгэр байдаг шиг доор газарт ганц Чингис хаан байх ёстой гэсэн үзлийг Чингис хааны залгамжлагчид хатуу баримталж байжээ.
Тэнгэрлэг үзлийг харь орны судлаачид нэн эртнээс сонирхож ирсний дотор Плано Карпин, Вильзи Рубрик зэрэг Европын элч төлөөлөгч, мөн рашид ад-дан Жувейнийн зохиол бүтээлд тэмдэглэгдсэн байдаг. Бөөгийн үзэл соёл нь эхийн эрхэт ёсноос өмнөх угшилтай бөгөөд Хүннү гүрнийг дамжин Чингис хааны үед ихэд төгөлдөржиж төрийн ёслолын хэмжээнд хүрсэн аугаа их үзэл бөгөөд нууцлаг ба ил далд увидасаараа тэнгэртэй харилцаж чаддагаа нотолсон нь түүний хүч чадлыг илэрхийлнэ.
Эрдэмтэн О.Пүрэв “Монголын бөөгийн шашин” номондоо хар, цагаан, шар зэргийн төрөл ангитай хэмээсэн байна.
Чингис хааны үед Хөхчүү хэмээх тэв тэнгэр бөө болвоос мөнх тэнгэртэй харилцаж, тэнгэрийн их зайрангийн эрх ямбыг эдэлж явсан төрийн их зайран байсан түүхтэй. Тэгвэл онгод тэнгэрийн уншлага дуудлагыг зохиож, мөнх тэнгэртээ харилцах төрийн их ёслолыг явуулах, мөнх тэнгэрийн номлол сургаалыг сэргээсэн хүндтэй үүргийг яруу найрагч, зайран Д.Бямбадорж биелүүлснээр түүнийг төрийн зайран хэмээн нэрлэх болгожээ.
Нэг үе шарын шашин дэлгэрч, социалист гэсэн нийгэм, үзэл бодол гаарч байсан үед тэд мөнх тэнгэрийн үзэл, бурханы шашныг Монголчуудаас салгахыг оролдож байсан ч төдийлөн амжилтанд хүрээгүйгээр барахгүй цаг нь болохоор цаасан дээрх бэх тодорно гэгчээр мөнх тэнгэрийн уламжлал дахин сэргэж, өнөөдөр эрч хүчээ авч байгаа нь нэн саашаалтай.
Ийнхүү Монгол түмний мөнх тэнгэрийг шүтэн бишрэх үзэлд томоохон өөрчлөлт гарснаар сав шим ертөнцөө хайрлах, мөнх тэнгэртээ заяа төөргөө даатгаж, түүний эвээл, хайр хишиг, энергийг авах талаар хувь хүн болон Монголын төрд маш их тэнгэрлэг боломж гарч байгаа юм. Монгол улсын төр тэнгэр бурханаа шүтэх уламжлалт ёсоо дээдэлж, ёслолын шинэ арга ухааныг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх нь ард олны итгэл зүйг олох удирдахуйн ухааны чухал арга нууц энд л байгаа юм.
Мөнх тэнгэрийг тайх төрийн ёс ёслолыг буй болгож Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд төрийн их бэхи буюу мөнх тэнгэрийн шашны төрийн бөөг суулгаж, улсынхаа хувь заяаг тэнгэр бурханд даатгуулж байх чухал юм.
Монгол монголоороо үлдэхийн төлөө гэсэн сэтгэл зүтгэл гаргахгүй юм бол монгол хүн гэж өөртөө нэрлэхгүй байсан нь дээр. Монгол түмний олон зууны үзэл бодол, сэтгэл санааны дээж болсон одоо ч, цаашдаа ч байх мөнх тэнгэрээ шүтэх үзлийг монгол төр түмний үүсгээд байгаа уул овооны тэнгэрийг тайх, бөө мөргөлийн шашны роль үүргийг дээшлүүлэх нь манай ард түмний оюун санаа, мэдлэг шүтлэгт төдийгүй, эдийн засаг нийгмийн бүх харьцаанд аугаа тустайг мэдрүүлэх, бусад үзэл санааны элдэв урсгалаар ард түмнийхээ тархийг угаалгахгүй байхын үндэс болж, тэнгэрлэг үзэл мөнх тэнгэрийнхээ хүчин дор нэгдэж, нягтрах үнэмлэхүй хүчит мөнх тэнгэрийнхээ ивээлд өлмий нь бат, мэлмий нь тунгалаг байх болно. Монголоороо байхын тулд уламжлагдаж ирсэн тэнгэрийн үзэл дээрээ суурилсан шинэчлэл хийж, мөнх тэнгэрийнхээ эрхс бүхнийг мэдэж судалсан цагт тэнгэр ухааныхаа хүч шидийг байнгад мэдэрч байх болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats