Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хаан төрийн зүтгэлтний нэр хүнд
Их монгол төрийг үндэслэн байгуулагчийг хүндлэх төрийн ёслол Өгөөдэй хааны үеэс эхэлсэн гэж үздэг бөгөөд Чингис хааны ач хүү монголын их эзэнт гүрний Y дахь их хаан Хубилай сэцэн хаан, Чингис хааныг тахин шүтэх ёсыг хуульчлан тогтоожээ. Үүнд: бүх нийтээрээ хүндлэн тахихад зориулж найман цагаан өргөө барих зарлиг буулгаж төрийн ёс ёслолыг тогтоожээ. Мөн 500 өрх айл дээрх гэрийг хамгаалах болон ёслолыг гүйцэтгэх ажилд оролцох бөгөөд тэд нарыг “дархад” хэмээн нэрлэж өөр ажил, цэргийн алба, аливаа зан үйлээс чөлөөлж, хамгийн авьяас зүтгэлтэй дархад нараас шилж сонгон их, бага даамал зэргийг жонон эрхлэн томилно. Жонон гэдэг нь: Эзэнт гүрний үед төрийн ёслолын зан үйлийг гйүцэтгэх дэг жаяг хариуцсан дээд зиндааны түшмэл байсан байна. Жонон хошуу захирагч буюу чуулганы ноёдыг томилдог, алтан ургийн хүн байсан байна. Ямба ёслолыг хариуцсан өндөр тушаалын найман түшмэл явуулдаг бол жонон энэхүү зан үйлд оролцдог их хааны ес ёслол хариуцсан хүн байсан. Дархад нь их хаадын үед залгамжлан олон зэрэг дэв, цол хэргэмтэй байсан бөгөөд тэдний олонхи нь ямар ажил хариуцдаг байсныг нь тодруулбал Тайж цолтон Чингис хааны болон түүний хатдын онгон шүтээн хадгалдаг авдар савны түлхүүрийг, Тайбун тахилгын зан үйлийн хувьд Кашкатай хамтран ихэс дээдэст алтан хундаганд архи дарс аягална. Хонжин нь : Тайлга, тахилгын дууг дуулна. Хөх гэдэг нь их хаанд адуу мал тахилга өргөхөд ерөөл магтаал уншина. Черби нь: Ордны дотоод зарлага хийх буюу Чингис хааны өмнөх галыг асаадаг гэх мэт ямбаны үйлчилгээнд үүрэг хүлээсэн олон хүн төрийн ёслолыг явуулдаг байсан түүх бий. Найман цагаан өргөөг найман цагаан шүтээн ч гэж нэрлэдэг байсан бөгөөд хаана байрладаг байсан талаар тодорхой зүйлгүй. ХХ зууны дэлхийн нэрт түүхчдийн нэг Р.Груссе “Чингис хаан бол монголчуудыг дэлхийн түүхэнд эргэлт буцалтгүй оруулж өгсөн юм. Энэ бол түүний угсаа гарал нэгтнийхээ өмнө байгуулсан нэг гавьяа” юм. Тэгээд ч Чингис, монгол гэдэг хоёр нэр түүхийн туршид холбоотой явж, ертөнцийн чихнээ хамтдаа дуурсжээ. Дэлхийн соёлт хүн хэн боловч монгол хүнийг Чингисийн үр сад гэж үзэж түүхийн их үндэстэн хэмээн хүндэтгэдгийг бид мэднэ. Чингис хаан бол монголчуудын сүр сүлд, билэг тэмдэг нь болж мөнхөрчээ. Өвөрмонголын эрдэмтэн Сайнжаргал монгол тахилга номондоо төрийн хэргийг захирч байсан отгон хөвүүн Тулуй, Чингис хааны нас барсан мэдээг зарлаж, хатдын дөрвөн ордонд бэлэвсрэл, гашуудал үйлдэж, Чингис хаанд тайллага, таваг өргөх үйлийг хийлгэж, үүгээр их найман орд буюу шүтээнийг үүсгэсэн хүн бол Тулуй хэмээдэг. Америкийн нэгдсэн улсын “Вашингтон пост” сонины  1995.12.31-ний дугаар, “Таймс” сэтгүүл 1999.12.31-ний дугаартаа Чингис хааныг орчин үеийн интернетийн эцэг хэмээн үнэлсэн бол Солонгосын нийтлэгч Ким Жон Ре “хэзээ ч тохиолдож болох хямралаас гарахад Чингис хаанаас суралцахыг залуу хойч үедээ уриалсан байдаг”.
Чингис хаан түүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ “даяарчлах” шинжтэй байснаа сүүлдээ хүн төрөлхтнийг даяаршуулах агуулгатай болсон гэж үзэж болохоор байна. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхч АНУ-ын эрдэмтэн Жек Ведерфорд Чингис хаан бол өнөөгийн ертөнцийн үндэслэгч гэж хэлж үнэлсэн байна.
Үүний тод баримт нь сүүлийн 850 жилд дэлхийн түүхэнд Чингис хаан шиг судлаачид, зохиолч, сэтгүүлчдийн анхаарлыг татаж чадсан хүн үгүй бөгөөд үүний дараа түүний ач хүү Хубилай сэцэн хаан олжээ.
Хубилай хааны төрийн хоёр ёсны буюу хос ёсны үзэл нь түүний шашин төр хоёрыг тэгш явуулах арга ухаан нь төр ёсны сэтгэлгээнд үнэтэй хувь болсон.
Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд хожид гараагүй “Хубилай нүүдэл суурьшлыг зохицуулах, тэдгээрийн тэнцвэрийг олох, монголыг монголоор нь үлдээхийг чармайж, монголын соёл, зан, иргэншлийг уусан хайлахаас аварсан аугаа их удирдагч юм.” Ийнхүү их Юань гүрнийг 35 жил удирдсан хэдий ч монгол хүн, монгол хаан хэвээр үлдсэн гэж харийн зарим эрдэмтэд дүгнэсэн байдаг.
Чингис хаан түүний залгамжлагчид өрнөн ирэх аюулаас урьтаж  дорно, өрнө зүг дайн хийж, дэлхийд цуутай байлдан дагуулагч Наполеоныхоос 7 дахин, Гитлерийнхээс 3 дахин, Александр Македоныхоос 2 дахин, бүгдийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлсэн хүн ам их төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншлийн орнуудыг монгол эзэнт гүрэнд нэгтгэжээ. Үүнээс үзвэл монголын хаадын түүх бол “өнгөрснийг дархалсан, маргаашийг төлөвлөлцдөг бурхан ухаан”. Ийм аугаа их удирдах сэтгэлгээг тэд зөвхөн мөнх тэнгэрээс заяатай төрснийх гэж тэр үедээ үзэж байсан. Өнөөдөр хэн ч өөрчлөх, засварлах боломжгүй нь мөнх тэнгэрийн үзэл түүний зарлиг үнэмлэхүйн чанартайг хэлээд байгаа юм.
Эзэн Чингисийн талаар монголын их бичгийн хүн Ванчинбалын Инжинаш: Чингис эзний төрөлх оюун эрдмийг тэнцүүлэн адилтгах үг үгүй хэмээгээд Чингисийн нүд, сэтгэл наран мэт гэгээн, бодол нь далай мэт уудам, үйлс голч элэгсэг гэсэн бол, их эрдэмтэн Ч.Дэмчигдорж шинэ засгийн гол ёс номондоо: Их баригчид цааз засгийн мэргэн шугамаар явуулбаас улс төр энх түвшин болмуй гэсэн бол Дарьбандид “ард түмний ариун ёс, билэгдэл” төрийг баригчдын зан авир цалгардан, цааз хууль суларваас улс ядрах, тийм болвоос төр түвшин байхад бэрх гэжээ. Монгол улсын төрийн түүхнээс үзвэл төрийн зүтгэлтний эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар, намбалаг бөгөөд сүрлэг байхыг хэлсэн болно.
Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди 2001.05.11-нд буулгасан 118 тоот зарлигтаа: Их Монгол улсын байгуулсан төрийн билэгдэл, ёслол, бичиг соёл, хууль цаазыг шинээр үүсгэн баринтаглаж, монгол угсаатныг нэгдмэл хүчирхэг үндэстэн болгож төлөвшүүлэх, улмаар ертөнц дахинаа монгол улсыг мандуулсан түүхэн дэвшилтэт үйл бүтээсэнд дэлхийн түүхийн хоёр дахь мянганы их хүнээр тодорсонд Чингис хааны гавьяа оршино гэсэн. Чингис хаан бол монгол төрийн үлэмж гарамгай сэцэн бэлэгт зүтгэлтэн болохоо тархай бутархай байсан монголын ханлигуудыг нэгтгэж, монголын тулгар төрийг үндэслэн байгуулсан. Энэ төр улсынхаа төлөө алд бие, алтан амиараа дэнчин тавин зүтгэж, монголын төрийн дээд эрхийг барьж, монгол газар нутгийн дээд өмчлөгч байсан төдийгүй, өнөөгийн ардчиллын бэлгэдэл “Их хуралдай, сэцдийн зөвлөлийг байгуулж, төрийн алтан тулга Их засаг хуулийг гаргаж, монгол төрийг бичигтэй болгож, газар бол улсын өмч” гэсэн зарчмыг чанд баримталж, монгол туургатныг дэлхийд зөвшөөрүүлсэн түүхэн хаанаараа бид бахархдаг. Персийн түүхч Жувайни: монгол орон Чингис хааны орон гэдэг бөхөшгүй алдрыг олж авсан...гэсэн байдаг. Монгол түмэн олонд алдарших нэр төрийг нөр их хөдөлмөр, зүтгэл, бүтээлч чадвараараа олж авдаг хэмээн үздэг. Түүхэнд гарамгай удирдагчийн үүрэг роль их байдаг талаар онолчид бага биш сургаж бичсэн. Хаан “хүний алдар гавьяа, суу билэг нь шинэ төр улсыг үндэслэн байгуулах буюу үндэслэгдсэнийг хадгалж үлдэхийн цагтаа ойртдог шигээр бурхадын хүч чадал, сүр жавхланд дөхөж очих өөр нэгээхэн ч үйл хэрэг гэж үгүй болой” гэж алдарт Цицерон төрийн тухай номондоо бичсэн. Энэ нь мориноосоо буугаад төрийн төвхнүүлэх ухаан билэг, авьяас чадвар агаад өнөөгийн монгол төр төвхнөж ард иргэд нь сонгож өргөмжлөөд байхад төрөө хямралгүй удирдаж, аваад явж чадахгүй байгаа улс төрч хэмээн нэрлэгчдийн нэр хүнд, буурь суурь, алсын хараатай бодлого мөхөснөөс төр байнга хямарч ард иргэд төрөө хүндлэхээ больсон гэж болно.
Монгол улсын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн төрийн удирдагчийн нэг бол YIII богд Живзундамба хутагт “Богд 17 настай байхдаа Y далай ламаас Живзундамба хутагт гэсэн цол тамга авч байсан бөгөөд Жив-Богд, зун-тойн, дамба-эрдэнэ гэсэн үг хэмээн гээд түүний жинхэнэ нэр Агваанлувсан Чойжин нямданзан ваанчиг гэж СГЗ Сонинбаяр гуай 2009.10.27-нд хөөрөв”. Мөн түүний санал санаачлага, удирдлаган дор монголчууд Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр 1921.12.29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлаж, бидний монголчууд төрт улсаа үүсгэн, хамгаалан тэмцсээр 2200 гаруй жилийг ардаа орхиж, өөрийн гэсэн өнгө аястай, нүүдэлчдийн төр улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц хэлбэрийг буй болгож чадсан юм. Ялангуяа 1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол улс төрт улс гэсэн ухагдахууныг жинхэнэ байх утгаар нь дэлхийн олон үндэстэнд, тодруулж хэлбэл хойд, урд хоёр хөршдөө бүрэн ойлгуулж чадсан юм.
Мөн 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялуулж Манж Чин улсаас эх орноо бүрэн чөлөөлж тусгаарлахад YIII богд Живзундамба хутагт түүнтэй хамтран зүтгэгчид түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь 1921 онд үндэсний ардчилсан хувьсгалыг ялуулах хэрэгт үнэтэй хувь нэмэр болж, ялалт бүхэн нь мөнх тэнгэрээс заяагдаж, бүрэн эрхт тусгаар улс байх тавилангаар өнөөг хүрч ирсэн юм. Тусгаар улс байгуулахын төлөө Халхын хүрээний бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийдэх газар байгуулагдаж дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Үүнд:
-    Их орос улсаас тусламж ирсэн,
-    Их хүрээн дэх Манж амбан сайдыг хөөж явуулсан,
-    Монгол улсын эзэн хаанд YIII богд Живзундамбыг өргөмжилж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлах бэлтгэл ажлыг хангуулах,
-    Богд хааныг өргөмжлөх их ёслолын дэг журмыг тогтоож, ёслолд оролцогчдын өмсөх хувцас, ёслолын дэгийг нарийвчлан тогтоосон,
-    Хааны тамганы их загварыг боловсруулж тамга бүтээх,
-    Хаан өргөмжлөх ёслолыг явуулах төрийн есөн эрдэнийг бүтээн босгож бэлтгэх,
-    Төрийн их сүлд далбааг бүтээх,
-    Монгол улсын засгийн газрыг байгуулах,
-    Богдоос хишиг тараах зарлигын төсөл,
-    Аймгуудаас цэрэг, мөнгө татаж, улсыг тунхаглах бэлтгэл ажлыг хийжээ.
Эдгээрээс тодруулбал: Төрийн ордны тухайд их хүрээнээ шар хамбан торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөн зүмбэрлэсэн очир есөн эрдэнэ, долоон тахил тэргүүнээр гоёмсоглон хээлсэн 10 гаруй ханатай том гэрийг барьж, түүн дотор ёслолыг явуулжээ. Мөн дотоод гадаад цэрэг, сан, шүүх 5 яамны төв газруудыг нэг адил бэлтгэжээ. Мөн хүрээний хэргийг түр ерөнхийлөн захиран шийдэх газраас Богд хааныг эзэн хааны ширээнд өргөмжлөх ёслолын журмыг гаргасан байна.
ХХБХТЕШГ-аас Богдыг хаан ширээнд залж туурга тусгаар улсаа тунхаглах их баяр, төрийн ёс ёслолыг явуулахад урьдаар сайн бэлтгэж эхэлсэн түүхэн баримт бий. Энэхүү ёслол энэ өдрийн морин цагт 11:40-өөс эхэлсэн ба орой гэгээ тасраагүй байхад дууссан гэж үздэг. Үүнээс үзвэл ёслол 5 цаг үргэлжилсэн бололтой. Монгол улс Манж Чин улсын 220 гаруй жилийн дарлалаас ангижирч төрөө байгуулж, тусгаар тогтнолоо тунхагласан төрийн ёслолын ач холбогдлыг үнэлж барахгүй бөгөөд төрийн ёслолыг үйлдэхдээ 9 цагаан их билгийг өгдөг уламжлалтай байсныг 1911 онд Энэтхэг, төрийн билэгдлийн зүйлстэй хослон хэрэглэх гэсэн боловч Энэтхэг, Төвдийн 7 эрдэнэ бүтээгүйн учир Богд хаанд хааны эрдэнэ, 9 цагаан билэг өгсөн гэх боловч Магсархурц: Богд хаанд хааны эрдэнэ, хас тамга, алтан үсэгт өргөмжлөл ба монголын засгийн газраас гаргасан ёсны юм 9 цагаан бэлгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, хадаг сэлтийг бэлэглэн өргөсөн гэжээ. Хаан эрдэнэ буюу хаан төрийн 7 эрдэнийн тоонд хурд, чандмань, хатан, түшмэл, заан морь, жанжин /баатар/ зэрэг байх бөгөөд Энэтхэг орны хааны эдэлж байсан эрдэнийн зүйл юм. Богдын хаан ширээнд залахад /өргөмжлөхдөө/ хааны дээлийн гадуур өмсдөг хүрэмний урд энгэрт дугираг хэлбэрийн хорлыг үйлдэж, хадаж өгсөн байна. Мөн хүрэмний ар, өвөр, баруун, зүүн мөрөнд пүүс тэмдэг хадсан. Пүүс нь алтан хорол өртэй, эргэн тойрон эрдэнийн дүрсээр /хаан бугуйвч, хатан сүйх, зоосон хээ, заан соёо, загасан нуруу, үнэртэн шүр, уул усны дүрсээр/ хүрээлсэн дугираг хэлбэртэй байжээ. Арын пүүс нь 5 тахил буюу доод н-а /толь, үнэртэн, хүж, хөгжим, амьтан, хадаг/  болон гачил дугираг хүрээнд гуутай соёмботой байжээ. Соёмбоны дээд талын галын дөл нь хөх, нар нь шар, сар нь улаан түүний доорхи гурвалжин нь хөх гонзгой, дөрвөлжин нь шар дундах зөрсөн загасны баруун тал нь цагаан, зүүн гар тал нь улаан, түүний доторхи хөндлөн нь ногоон, гурвалжин нь цагаан, хажуу босоо шулуун нь хар өнгөтэй хийгддэг байна. Уг хүрэмний ар талд соёмбыг үйлдэн хадсан. Энэ нь Богд хаан бол анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарыг хувилгаан хэмээн үзэж түүний зохиосон бэлэгдлийн ном дүрийг авч хэрэглэж, мөн монголын төрийн бэлэгдэл болсон гэж авч үздэг. Богд хааны хүрэмний баруун мөрөнд зэндмэнь, өлзий, хас зэргээр хөвөөлсөн хүрээнд дугираг алтан наран дэвсгэр дээр соёмбо үсгээр нар хэмээх үгийг санскрит хэлээр сур-я гэсэн хоёр үсэг болгон алтан саагаар үйлджээ. Зүүн мөр нь дээрхийн ижил дэвсгэр дээр сар хэмээх үгийг санскрит хэлээр соёмбоор чан-дара гэсэн хоёр үсэг болгон хийжээ. Энэхүү манжийн үед хэрэглэж байсан таван хумст лууны дүр бүхий пүүсийг халсан хэдий ч пүүсэнд эртний Энэтхэгийн буюу бурхан шашны уламжлалаас илүүтэй тусгасан ч монгол улс тусгаар эзэн хаантай гэдгийг илэрхийлж чадсан нь ач холбогдолтой юм. Хааны долоон эрдэнэ тус бүрийн утга агуулгыг илэрхийлэх бөгөөд энэ бүхэн нь төрийн билэгдэлтэй холбогдох учир орхиё. Пүүс гэдэг нь ноёны ямбаны хүрэмний ар, өвөр тал дээр хаддаг дугариг, дөрвөлжин хэлбэртэй зэрэг дэвийн тэмдэг, дугариг хээ гэсэн үг бөгөөд Пүүс гэдэг манж гаралтай үг юм.
Богд Живзундамбын монголын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг үнэлж, гадаад дотоодын олон эрдэмтэд бичсэн. Эрдэмтэн Ш.Нацагдорж халхад залагдсан 8 тооны хутагтаас анхдугаар хутагт өндөр гэгээн монголын тусгаар тогтнолыг алдсан нэртэй холбогдсон бол хамгийн сүүлийн залгамжлагч богдын нэртэй халхын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан холбоотой гэжээ. Манжаас засгийн эрхийг авсан 6 хүн, түүний дотроос төр засгийн зөвлөх Чин ван Ханддорж онцгой зүтгэсэн. Гүн хайсан халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийдэх да түшээ гүн Ч.Шагдаржав, хамаарсан Да-Жун-Ван Гомбосүрэн, зөвлөн шийтгэх хэлтэс Б.Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, да лам Цэрэнчимэд нар монгол төрийн жинхэнэ зүтгэлтэн хар хүний төрд гүйцэтгэсэн их үйл хэрэг гавьяаг нотолсон түүхэн баримт бий. Богд Живзундамба хутагтын өмсөж байсан ауе, хүрэм, титэм зэрэг монгол улсын төрийн тэргүүний шинж, хааны төрийн эрдэнийн шинжүүдээс ямар нэг хэмжээгээр оруулсан нь тусгаар монгол улс эзэн хаан төртэй гэдгийг илэрхийлсний тод баримт юм.
Живзундамба хутагтын XIX зууны сүүл үеэс Чин гүрний “шинэ засгийн бодлого” гэгчийг монгол хэрэгжүүлж эхэлсэн цагаас түүнийг эсэргүүцэн хэрэв энэ арга хэмжээ хэрэгжвэл “монголчуудын язгуур ёс” алдагдахад хүрнэ гэж үзэж байлаа. Энэ язгуур ёс гэдэг нь хуучнаа хамгаалах гэсэн хэрэг мөн боловч аж ахуй, хэл соёл, хэв заншил, үндэсний өвөрмөц онцлог, шашин шүтлэг алдагдуулахад хүрэхгүй байх, улмаар монголын газар шороог бусдад алдахгүй байх, эцэст нь монголын тусгаар тогтнолыг хамгаалах санал агуулагдаж байсан учир нийт олны халуун дэмжлэгийг хүлээж чадсан байна. Богд гэгээний энэ байр сууринд түүний шадар сайд нар ойр дотных нь монгол хүмүүс нөлөөлсөн нь ойлгомжтой гэсэн дүгнэлтийг “ХХ зууны Монгол” хэмээх түүхэн зохиолд тэмдэглэжээ. Ийнхүү богд Живзундамба хутагт монголын төр, улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний зан заншлын төлөө үнэлж барамгүй ач тус хүргэсэн төрийн зүтгэлтэн гэдэг нь тодорхой. Харамсалтай нь энэ аугаа төрийн зүтгэлтнээ элдвээр доромжилж байсан баримт, кино, хэвлэл, ном ард түмний сэтгэлд үлдсэн. Энэ бүхнийг сэргээж 1914 онд болох үндэсний хувьсгалын зуун жилийн ойн ажлын хүрээнд ариутган төр шашны нэрт зүтгэлтэн Живзундамба  хутагт, түүнтэй хамт Манжаас анх засгийн эрхийг авсан 6 эх оронч, төрийн зүтгэлтнүүлийнх нь хамт хөшөө босгох нь монгол төрийн жинхэнэ эх оронч төрийн удирдагчийг алдаршуулан төрөө хүндэтгэсэн монгол түмний эрх ашигт нийцсэн арга хэмжээ болох бизээ. Монгол угсаатан 81 аймгийг нэгтгэсэн ХХ зууны мянганы шилдэг удирдагчаар шалгарсан эзэн Чингис хаан мөн 1921 оны ардын хувьсгалыг зохион байгуулсан Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалын долоон Бодоо хүү хэмээн нэрлэгдсэн хувьсгалчдыг алдаршуулаагүй л яваа. Гэтэл хоромхон зуурт ажилласан Л.Энэбиш-д бүхэл бүтэн талбай эзлүүлэн хөшөө босгож, төрийн 7 эрдэнээр чимэглэсэн нь дээрх төрийн зүтгэлтнүүдээс дээгүүр гавьяатай болгох гэсэн санаархал байх. Л.Энэбиш үндэсний хэмжээний улстөрч биш бөгөөд түүнийг дотоод гадаад улс оронд хэн ч танихгүй болохоор хэн мөнгөтэй хүнд хүрэл хөшөө босгоод байх нь хүндэтгэл биш доромжлол болж мэднэ. Хөшөө дурсгал, гудамжны чимэглэл хүртэл өндөр утга агуулгатай байж хүмүүн зонд бишрэл сүсэг ухаарал өгдөг.
Бөөгийн шашин ХХI зуунд ч дэлхийн улсуудын шинжлэх ухаан, түүх судлаачдын анхаарлыг татаж монгол түмний сүсэг бишрэл, итгэлийг өөртөө бий болгосноос үзэхэд монгол төр түмний шүтлэг, ёс ёслолын анхдагч нь бөө гэж хэлэх үндэстэй байгаа юм. Богд хаант монгол улсын үед Бурхан Халдунаа тахиж байсан баримт түүхийн архивт байдаг. Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт, үзэл санаагаараа монгол төрийн уламжлал, ёс дахин сэргэж, дархан цаазат газрын уул овооны тэнгэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тахиж эхэлсэн нь монгол хүний сэтгэл зүйд нөлөөлсөн төрийн чухал ёс ёслолын нэг болж тогтоод байна. Зарлиг ёсны дагуу 1995.6.11-12-нд Бурхан Халдуныг тахих төрийн их ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй төр, цэрэг, төрийн бус байгууллага, шашны төлөөлөл оролцож эрдэмтэн Х.Нямбуу ёслолыг удирдаж хийлгэснээр тайллагын шинэ түүх эхэлсэн юм. Энэ ёслолоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигын бичгийг дуудаж, их уулын тэнгэрт сонордуулахад гантиг чулуун бумбанд оршоосон шүншгийг их овоондоо залсан. Лам нар Хан Хэнтий уулсын санг уншсаны дараа тэнгэрт гурвантай сум тавьж, дөрвөн зүг, дөрвөн лам орон дэлхийдээ хандаж юл түй “орны угаал” өргөсөн бөгөөд овооны хоёр талд их түүдэг асааж зарлигын бичиг бүхий хоргой торго тэргүүтнийг галдаа өргөсөн энэ үйлдлийн үед орчны бүх уулс мананд умбаж харагдахгүй болоход Бурхан Халдуны орой нартай байсан нь тэнгэр бурхан ёслолыг эвээлдээ авч баярласны илрэл гэлтэй. Тайллагаар улаан бор зүсийн азрагыг сэтэрлэн тавьж тайллага өндөрлөсний дараа зөөлөн бороо орж ган тайлсан нь олон жил тайллага санасан тэнгэр бурхан ихэд таалж баярлан уярсаны шинж юм. Дараа нь бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол хийж энэ үеэр төрийн дуулал эгшиглүүлж цагаан торгон дээр бичсэн өчлөгийг дуулаж тэнгэр хангай цугласан олонд хүргээд, хар сүлдэнд төрийн тэргүүн, цэргийн дарга нар сөгдөн мөргөж ёсолсон бол Бурхан Халдун уулын овоог тахих төрийн ёслол улам боловсронгуй болгож хийгдсэн төрийн ёслолыг 2006.05.22-нд Бурхан Халдуны дээд, дунд бэлийн овоонд болжээ.
Эхлээд уулын овоонд тэнгэрийн эзэн сахиусыг дуудан Т.Бямбадорж бөөлж, төрийн тэргүүн шадарлагчдын хамт дээд овооны ёслолын талбайд ирэхэд оролцогчид сөгдөн сууж гарын алгаа дээш харуулан нар зөв эргүүлж, хурайлан угтаж авсан. Ерөнхийлөгч овооны өмнө малгайгаа авч зүүн гартаа барин, баруун гарыг цээжинд авч овоонд мэхийн ёсолсоны дараа малгайгаа өмсөж, баруун гараа өргөн “амар мэндийг айлтгая” гэж мэндчилээд хүндэтгэлийн суудалд заларсан. Энэ үед Бурхан Халдун уулын тэнгэрийг тахих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, тэнгэрт илгээх сум, айлтгалын үг бүхий торго зэргийг хүндэтгэлийн ширээнд байрлуулж, Монгол Улсын төрийн далбаа, эзэн Чингис хааны шүтээн хөрөг болон долоон эрдэнийг цагаан морьтой, хүндэт харуулын цэргүүд авчирч овооны өмнө залсан. Ёслолыг нээж төрийн дуулал эгшиглүүлж Ерөнхийлөгч хишигтэн овоонд хандаж үг хэлсний дараа зарлигийг уншиж, тэнгэрт сонсгоход оролцогчид сөгдөн сууж есөн удаа мөргөн “төрийн минь сүлд өршөө” хэмээн ёс үйлдсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүж торго тэргүүтнийг галд өргөж, тэнгэрт илгээгээд оролцогчид хурайлж, төрийн тэргүүн сүү, тараг, цайны дээжийг овоонд өргөөд хадаг барьж зул бадрааж идээ шүүс өргөж сархад идээний дээжээс ёслол гүйцэтгэхэд оролцогчид нэгэн адил идээнийхээ дээжийг тэнгэрт өргөсөн. Дараа нь Ерөнхийлөгч тэнгэрт өргөх сумыг хуяг дуулгатай мэргэн харваачид өгч, тэнгэрт сумны дуу сонсгох ёслолыг үйлдэж, үүний дараа оролцогчид гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөж, Ерөнхийлөгчөөс эхлэн овоог гурван удаа тойрч дараа нь хөлөгчийг аврах тэнгэрийн хөлөг сэтэрлэн дэлэнд нь хадаг уяж хөхөл хондлойг нь илж үргээн явуулснаар ёслолыг төгсгөсөн.
Ийнхүү төрийн ёслолын нэгэн хувилбарыг дурьдсаны утга нь овооны тэнгэрийг тахих төрийн ёслолын журам, жаяг өндөр байх тусам төрөө хүндэтгэдэг ёс зүй, түмэн олонд өгөх өгөөж нь их байдаг. Тайллагын үеэр тэнгэрт хандсан зарлигийн айлтгалыг бүрэн эхээр нь толилуулъя.
Бурхан Халдун хайрханы тэнгэрт хандсан зарлигийн айлтгал
Хэнтий ханы мянган уулсын сүр жавхлант тэргүүн, их эзэн Чингис хааны ивээгч шүтээн Бурхан Халдун уулын тэнгэр та таалан сонсож ажаамуу.
Хэнтий Ханы мянган уулсын сүр жавхлант тэргүүн, их эзэн Чингис хааны ивээгч шүтээн Бурхан Халдун уулын тэнгэр та таалан сонсож ажаамуу.
Дээдийн шүтээн мөнх хөх тэнгэртээ мэхийн сөгдөж, ихсийн тахилгат, ивээл авралт хайрхан уулын тэнгэр Танаа даатган сонордуулах ану:
Эв эеийг эрхэмлэгч, эрх чөлөөт Монгол Улсын үнэт бүхнийг өмөөрөн сахиж, өлзий хутгийг бататгаад эзэн Чингисийн үр хойчис бидэндээ өсрөх дайсангүй өнөд амгалан, үгүйрэх гачаалгүй элбэг дүүрэн, хагацах зовлонгүй эрүүл энх, хагаралдах тэмцэлгүй энх жаргалтай оршихын нигуурийг үргэлжид гэгээн болгоож нигүүлсэхийг сүслэн даатгаж айлтгая.
Мөнх тэнгэрийн сүр хүч нь монгол хүн бүрийг ивээж, хийморь зоригийг бадраах болтугай. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “XYII жарны Барагдашгүй хэмээх гал нохой жилийн хаврын адаг луу сарын цагаачин гахай өдөр” гэжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats